Сологийн тухай “үнэн”-үүд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

 -Монголын рок попын талбарт олж авсан орон зайгаа, хадгалж чадаж байгаа  охидын хамтлаг бол  “3 охин”. Тэрчлэн “3 охин”-ын 3 бүсгүй олны анхааралд байж ирсэн. Олны танил байхын “зовлон” тэднийг тойроогүй гэсэн үг. Тэгвэл хамтлагийн гишүүн Д.Солонго энэ зовлон бусад олны танил хүмүүст ч тулгарч байгаа учраас  тайвширдаг хэмээн ярих юм билээ.  Мөн  олны танил байхын давуу тал хавьгүй  их гэдгийг ч тэр сайн мэднэ. Хөгжим сонирхогчид хамтлагийнх нь  шинэ дуу, шинэ клипүүдийг хүлээж авч, хичнээн их хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилладагийг нь ойлгож, хүндэтгэн хандаж байгаа нь үнэхээр сайхан санагддаг хэмээн ярьдаг. Ингээд Соло буюу Д.Солонгын тухай цөөн тэгээд үнэн зүйлсийг өгүүлье.

-Д.Солонго хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй, айлын ганц охин. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй.  Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж,  төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь  урлагийн хүн болох замд оруулсан хүн  хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэж байсан. Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт  биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ.  Түүнийг сайн мэдэх хүмүүс “их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.

-Тэр анх ангийнхаа хүүхдүүдийн хамт “Ирээдүйн одод” тэмцээнд орж Гранпри шагналын эзэн болж байж. Тэндээс л “3 охин” хамтлагаа байгуулах, өнөөдрийн амжилтаа олох суурь тавигджээ. Хамтлагаараа анх удаа тайзнаа гарсан тэр мөчид  “Жаахны мөрөөдлөө ингээд л нэг өдөр биелүүлдэг юм байж” гэж  бодон маш их баярлаж байснаа тэр дурсаж байна. Сонирхолтой нь, тэр тайзнаа гарах бүртээ сандардаг гэсэн. Хөтлөгч нэрийг нь зарлаад л  тайзан дээрээ гарах хүртэл бүх юм жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг аж. Гол нь юунд орж байгаа билээ, яах билээ, юу гэж хэлэх билээ гээд  л. Хэлэх үгээ амандаа байн байн хэлж сандардаг аж. Ер нь тайзнаа гарах бүрт мэдэрдэг энэ мэдрэмж хэзээ ч түүнээс салахгүй байх гэж боддог юм билээ.    

-“3 охин”-ы амжилт мэдээж хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Гэхдээ гишүүн тус бүрийн зүгээс оруулж буй хувь нэмрээ хэрхэн тодорхойлох нь сонин. Тэгвэл Д.Солонго “сэтгэл санаа, зорилго, хүсэл мөрөөдлөө нэгтгэж чадсан бид гурвын зүрх сэтгэл хамгийн түрүүнд хэлэгдэх байх. Гурвуулаа яг адилхан зорилготой болчихоор уран бүтээлээ хийхээс өөр зам байхгүй. Хийж байгаадаа ч дуртай, хайртай болчихдог юм байна лээ. Дургүйд хүчгүй гэж үг байдаг. Тэгвэл бид гурвын хувьд “Дуртайд хүчтэй”-л гэж хэлмээр байна” гэж байсан.  

-Түүнд маш том зорилго бий ч, хэлмээргүй байна гэсэн.  “За” сангийн гишүүн “3 охин” хамтлаг  нийгэм рүү хандсан олон ажлыг хийхийг зорьдог, хийсээр ч байгаа. Тэрдундаа бяцхан хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аянтай байнга хамт байдаг. Хамтлагийнхаа зүгээс чадах бүхий л зүйлээ хийхийг зорьдог аж.

-Тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлээс хөндийрлөө гэхэд юу хийх вэ хэмээн асуухад “..Дуунаас холдоно гэсэн ойлголт одоогоор алга. Гэхдээ үнэхээр тийм зүйл гарвал ямар ч байсан “дуртайд хүчтэй”  зүйл  хийх байх” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuul(122.201.18.135) 2025 оны 03 сарын 13

Muuhai zavhai huuhen

1  |  0
Top