М.Алзахгүй Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Өнөөдөр Ардчилсан хүчний залуучуудын холбооны хоёрдугаар их хурал боллоо.  Энэ удаагийн хурлаар тус холбооны бүтэц, дүрмийг хэлэлцсэн байна.  Улмаар тус газрын удирдлагуудыг шинээр  томиллоо.  Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр М.Алзахгүй,  дэд ерөнхийлөгчөөр Э.Цэндсүрэн, А.Цэнгэл, Г.Энхтөр, Д.Отгонбаяр, Ц.Төмөрсанаа нарыг тус тус томилсон бол Ардчилсан хүчний залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр  УИХ-ын гишүүн Г.Баярсайханг батламжиллаа.

Энэ үеэр  тус холбооны ерөнхийлөгч М.Алзахгүйгээс  цөөн зүйл тодрууллаа.

- Ардчилсан хүчний залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо. Хэрхэн ажиллахаар төлөвлөөд байна вэ?

- Ардчилсан хүчний залуучуудын холбоо маань 2010 онд байгуулагдаад өнөөдөр хоёрдугаар хурлаа хийж байна. Хурлаараа бүтэц, дүрэм, удирдлагаа өөрчлөх талаар ярилцлаа.  Удирдлагаа өөрчилснөөр залуучууд руугаа хандсан идэвхитэй үйл ажиллагаа явуулах болно. Миний хувьд Ардчилсан хүчний залуучуудын холбооны  Ерөнхийлөгч болбол 2013 онд ийм ажлууд хийнэ гэж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн сонгогдсон. Мөрийн хөтөлбөрт маань Шинэчлэлийн төлөө залуусын аянг хийхээр төлөвлөөд байна.  Аянг хэрэгжүүлснээр шударга ёсыг эрхэмлэж, дараа дараагийн удирддагч нарыг төрүүлнэ. Мөн ардчилалыг хөгжүүлж, ардчилалын үнэт  зүйлийн  талаар сургалт зохион байгуулна. Залуустай хамт нийгэмд болохгүй байгаа бүхий л асуудлыг судалж холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлэхэд анахаарч ажиллана.

- Ардчилсан хүчний залуучуудын холбооны дүрэмд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

- Дараа, дараагийн залуу манлайлагчдыг төрүүлэх зорилгоор манайх ерөнхийлөгчөө нэг жилийн хугацаатайгаар сонгож байгаа.  Ингэхдээ нэг улирахыг зөвшөөрч байгаа.  

Ардчилсан хүчний залуучуудын холбооны хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  С.Эрдэнэ, Ж.Батзандан, С.Одонтуяа нар оролцож амжилт хүссэн юм.  

Тус холбоо нь “Монголоо шинэчилье” гэсэн зорилготойгоор 2010 онд байгуулагдсан Ардчилсан хүчний холбооны дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө залуучуудад зориулсан цөөнгүй  арга хэмжээ зохион байгуулж байсан юм. Монгол улсын хэмжээнд  хүний эрх, ардчилал шударга ёс, эдийн засаг, нийгмийн бусад бүх салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдгээр салбарт байнгын шинэчлэлийг иргэдийн санаачлага оролцоонд суурилан явууулж Монгол улсаа хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус байгууллага анхаарч ажиллах ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top