37 мянган яндан байхгүй болчихвол..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд ээлжинд  VII хороолол,   Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахаар тусгасан байсан. Тэгвэл  эдгээр газрууд дээр нэмж дахин 7 байршилд гэр хорооллыг төлөвлөнө гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлж байна. Энэхүү мэдээллийг Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгч байгааг тодотгоё.

Харин одоо шинээр төлөвлөлтөнд орох газруудын байршлыг танилцуулъя.

 

-       Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын гэр хороолол,

 

-       Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр

 

-       Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо,

 

-       Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчмын гэр хороолол

 

-       Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороо,

 

-       Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо тус тус орж байгаа юм байна.

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөнд багтжээ. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтөөр 3500 айлыг  орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урьдчилсан байдлаар тус хороололд  Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт 9 га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна.

Мөн тус дүүргийн 10 дугаар  хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөлт хийхээр болсон байна.  Одоогоор энэ газарт  2,3 га талбайд  120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөлтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих аж.

 Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна. Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асуудлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжийг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн  орчим гэр хороололд 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр эхний зургийг боловсруулжээ.

Төлөвлөлтийн хил хязгаарт 87 өрх хамрагдаж байгаа бол төлөвлөлтөөр 115 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсэгт дахин төлөвлөснөөр нийт 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ. Мөн инженерийн шугам сүлжээ, орон сууц, үйлчилгээний барилга байгууламж байгуулахад 8,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Мөн өнөөдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал дээр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны орчимд 11,4 га газарт дахин төлөвлөлт  хийхээр урдчилсан зураг төслийг танилцууллаа. Одоогоор энэ хэсэгт нийт 72 хашаа хамрагдаж байгаа бөгөөд  дахин төлөвлөснөөр эхний ээлжинд 115 айлын амьдрах нөхцөл сайжирна гэж үзжээ. Дулааны асуудлыг тухайн хэсэгт байгаа цэргийн ангийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэх боломжтой юм байна.

Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газарт мөн эхний ээлжийн төлөвлөлтийг хийж зураг төслийг боловсруулсан байна.

Одоогоор энэ хэсэгт 157 хашаа хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц  төлөвлөгджээ.

Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барих боломжтой юм байна. Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм байна. Дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ийн  уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ.

Баянзүрх дүүргийн 8-р хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт мөн дахин төлөвлөлт хийхээр зураг төслийг гаргасан байна Төлөвлөлтөнд нийт 691 өрх хамрагдаж байгаа бол дахин төлөвлөснөөр 500 айлын амины орон сууц, 200 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсгийн гэр хороололд дахин төлөвлөлт хийж авто зам дагуу үйлчилгээний төв ажлын байр барихаас гадан төв хэсэгт таун хаус хэлбэрийн орон сууцны хотхон, 100 хүүхдийн цэцэрлэг, зах орчмоор тохилог амины сууц, ногоон байгууламж, амрах спорт талбай, 960 хүүхдийн сургууль зэргийг шинээр барих юм байна. Цэвэр, бохир усыг төвлөрсөн шугамаас холбож, дулааныг одоо байгаа аж ахуйн нэгж болон, цэргийн ангийн уурын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэж болох юм байна.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат утааны голомт гэж нэрлэгдээд байгаа гэр хорооллыг дахин төлөвлөснөөр агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломж байгааг тодруулсан юм.

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлэхдээ  гэр хорооллын ердийн зуухны утаа агаарын бохирдлын 70 хувийг эзлэж байна гэсэн тооцоог бид гаргасан. Эхний ээлжийн төлөвлөлтийг хийснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 37 мянган яндан байхгүй болж утаа  30 хүртлэх хувиар буурууна гэж үзэж байна гэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шинэ сууршилын бүсэд газар олгохгүй. Хөрөнгө оруулагч нарыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд татахын тулд шинэ сууршилд газар олгохгүй байх шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй юм. Мөн урьдчилсан төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, НИТХ-аар оруулахдаа энэ тухай илүү тодотгон хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байв. Ингээд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. НИТХ-аас зохих шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдээс санал авснаар эхний ажлууд энэ оны гурван сараас хийгдэж эхлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top