Үндсэрхэг үзэл, тусгаар тогтнол гэх хоёрхон үг үхэл амьдрал гэх үгтэй адил. Тусгаар тогтносон улс байхын уг суурь нь үндсэрхэг үзэл. Тиймдээ ч тусгаар тогтносон улс хүчтэй.
Харин тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй хүн төрөлхтөний нэг хэсэг нь үхэж байж үндсэрхэг үзэлтэн, тусгаар тогтнолыг төрүүлдэг.
Саяхан даа, гадаад дотоодын хэвлэлүүдийн хадаас материалаар тодорсон нэгэн мэдээлэл байсан нь Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч, Нобелийн шагналт, Палестины анхны Ерөнхийлөгч агсан Ясир Арафатын цогцсыг дахин шинжлэх асуудал байлаа.
Аль найман жилийн өмнө Парисын Перси цэргийн эмнэлэгт таалал төгссөн Ясир Арафатын цогцсыг бунханаас нь гаргаж полони-210 хэмээх хорт бодисонд хордож уу, эс хордож уу гэдгийг нь шинжилсэн юм.
Талийгаачийн ясыг ийнхүү өндөлзүүлэх болсон шалтаан нь түүний бэлэвсэн гэргий Соха Арафат “Аль Жазира” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо талийгаач нөхрийнхөө эд зүйлсийг Швейцарийн Лозанна дахь Европын шилдэг лабораториудын нэгэнд шинжлүүлсний дараа хэн нэгэн нь түүнийг хордуулан амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа талаараа өгүүлжээ.
Хардах ч үндэслэл бий. Швейцарийн цацрагийн хүрээлэнгийн эрдэмтэд Ясир Арафатын байнга зүүдэг байсан толгойн алчуур, шүдний сойз зэргээс цацраг идэвхит полони-210 хэмээх бодис илэрсэн болохыг цухас хэлж байсан гэдэг.
Харин үүнээс өмнө Палестины удирдагч агсны үхлийн талаар тодорхой баримт байдаггүй бөгөөд Францын эмч нарын дүгнэлтээр бол цус харвалтын улмаас дотуур цус алдаж нас барсан хэмээдэг ч гэргий болон ахан дүүс нь Израилийн тусгай албаныхан хордуулж хөнөөсөн гэдэгт итгэсээр байдаг. Гэвч үүнийг батлах нотолгоо байгүй. Тиймээс ч Ясир Арафатын цогцсыг найман жилийн дараа гарган шинжилж байгаа ч полони-210 –ийн ул мөрийг олоход бэрх.
Учир нь хүнийг үхэлд хүргэхэд зөвхөн 1 грамм нь л хангалттай байдаг эл бодис 4-5 жилийн дараа ул мөргүй алга болдог гэдэг. Гэтэл Ясир Арафат мөнх бусыг үзүүлснээс хойш даруй 8 жил өнгөрчихсөн. Тэгэхээр улстөрийн аллагын золиос болж полони-210-т хордсон эсэхийг тодруулах боломж бараг л байхгүй гэсэн үг. Ямартай ч Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч, Нобелийн шагналт, Палестины анхны Ерөнхийлөгч агсан Ясир Арафатын үхэл гадны нөлөөтэй гэдэг нь тодорхой болж буй юм. Харин полони-210-ын нөлөө юу аль эсвэл өөр арга саамаанд автаж амиа алдав уу гэдэг нууц хэвээр үлдэж мэдэх юм.
Харин манай улсын тухайд эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө тэмцсэн тэмцэгчид ар араасаа “явцгаасан” гашуун түүхийг улбаа бүдгэрсээр байна гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг, УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралт, Зуучлах товчооны дарга агсан Д.Сүхбаатар УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг харамсмаар урт дараалал гарна.
Улстөр, хэсэг бүлэг нөхдүүдийг эрх ашгийн золиос болсон гэгддэг эдгээр “золиосны” тэмцэгчдээс Дэд бүтцийн сайд агсан С.Зориг, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралт гурваас бусад нь ямар нэгэн хорт бодисын нөлөөгөөр амиа алдсан хэмээн яригддаг.
Яригддаг хэмээхийн учир нь тэднийг ямар нэгэн бодисонд хордсоны улмаас амиа алдсан гэсэн ганц ч акт баримт бичиг байхгүй. Харин “золиосны” тэмцэгчдийн ар гэрийнхэн хийгээд ойрын нөхдүүд нь хорлогдсон гэдэгт нь итгэлтэй байдаг.
Ардчиллын алтан хараацай, дэд бүтцийн сайд агсан С.Зориг агсныг гэргий Д.Булганых нь нүдэн дээр хөнөөсөн Батаа, Оюунаа нарын сураг алга. Түүнийг мэсээр хөнөөсөн. С.Зориг агсныг эх орныхоо төлөө тууштай тэмцэгч, ардчиллын алтан хараацай биш гэж хэн ч хэлэхгүй.
УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг. Увс аймагт болсон байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд туслах гэж яваад журмын нөхдийн хамт нисдэг тэрэгтэйгээ унаж амиа алдсан. Гэвч энэ ослын тохиолдлынх биш гэж ярьдаг. Түүний бие хамгаалагчийг нь явуулаагүй, амиа алдахаас нь өмнө шатаж буй нисдэг тэрэгнээс гаргах боломж байсан гээд асуудал их яригдддаг ч өнөөдөр эл хэргийн талаарх бодит үнэн нууц хэвээр үлдэж чадсан.
УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралт. Дундговь аймаг руу хуралд яваад эргэж ирээгүй. Түүнтэй хамт нэг баг болж явсан машины дугуй, өөрийнх нь машины дугуй буудсан цаг хугацаа, салж явснаас хойшхи цаг хугацаа, километр яг таардаг гэдэг. Гэвч эл хэргийн эзэн хийгээд хорлосон, хорлогдсон аль нь ч өдгөө нам гүм болжээ.
УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар. УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн асан М.Зэнээ, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан нарын үхлийг учир битүүлэг буюу хорлогдсон гэж ард түмэн үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хорт бодисын нөлөөгөөр хорвоог орхисон хэмээдэг.
УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан Эх орныхоо эрдэс баялгийг зүй зохистой ашиглах, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ тэгш хүртээмжтэй байлгахын тулд эх болсон газар шороогоо нандигнан хамгаалах ариун зорилго бүхий “Миний Монголын Газар шороо” хөдөлгөөнийг үүсгэн санаачилж, үндэснийхээ хэмжээнд өргөн далайцтай үйл ажиллагааг зохион байгуулсныхаа төлөөсөнд амиа алдсан гэдэг.
Тэрбээр Монгол Улсад асар их гарз хохирол учруулсан 1997 оны “Ашигт малтмалын тухай” хуулийг эрс эсэргүүцэж, уг хуулийг нэн даруй өөрчлөхийн төлөө тууштай тэмцэж байсан бөгөөд УИХ-ын гишүүнийхээ хувьд “Ашигт малтмалын тухай” шинэ хуулийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлуулахын төлөө ажиллаж байсан юм.
Дээрх асуудлуудаас гадна МАН-ыг ардчилсан хувьсгалтай дахин сэргээсэн Г.Баасан ламын үхлийн шалтгааныг ч бас хортой холбоотой хэмээн гэргий З.Алтанцэцэг нь ярьдаг. Талийгаачийн эхнэр З.Алтанцэцэг мэдэгдэл хийхдээ Г.Баасан лам мөнх бусыг үзүүлэх үед хумс, шүд нь тас хар өнгөтэй болсон байсыг хэлдэг. Тас хар өнгөний учрыг хорных хэмээн тайлбарладаг. Тэр ч бүү хэл ламтан өөртөө хор тайлах эмчилгээг хийж байсан гэдгийг нь ч хэлдэг.
Мөн АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэн. Австрали улс руу албан ажлаар яваад эргэж ирээгүй. Түүний үхлийн талаар мөн л олон зүйлс яригддаг гэдгийг уншигчид бэлхэнээ мэдэж байгаа учраас олныг нурших нь илүүц. Ар гэрийнхэн нь дээрх хохирогчдын ойр дотныхоны нэгэн адил хорлогдсон гэж үздэг.
Энэ мэтээр дэлхийн хэмжээнд эх орон, эрх чөлөөний төлөө тэмцэгчид хорлогддог аж. Нэг үгээр хэлбэл “Полонидох” ажиллагаа Монголд аль хэдий нэвтэрсэн юм биш байгаа даа гэх хардлага төрж буй юм.
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 0 )