Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсны улмаас 24 хүн нас барсан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэрэгжиж буй эсэхэд хийсэн шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 594 обьект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер, техникийн ажилтан хамрагдсан юм байна.

Гэтэл 2012 он эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн бэртэж гэмтсэн тоо баримт гарчээ.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан барилгын 594 обьектоос давхардсан тоогоор  168 нь барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй ажлаа эхэлсэн, магадлал хийлгэж баталгаажуулаагүй зураг төслөөр барилын ажил гүйцэтгэсэн бол 29-ыг нь тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн гэх мэт олон зөрчил илэрчээ.

Тиймээс барилга байгууламж барих, тусгай зөвшөөрөл авах, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд хүнд суртал, дарамт нэмэгдэж, шан харамж авлигын асуудал үүссэнээс хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байдалд хүрчээ гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийнхэн хүрсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top