УИХ-ын гишүүн С.Ганбаатарын төрсөн дүү С.Гантуяа хэмээх эмэгтэй “Оюутолгой” төслийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан. Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, нийгмийн хангамжийг нь сайжруулан хөрөнгө оруулалтын гэрээндээ тусган хүлээсэн үүргээ биелүүлээч ээ, цалинг нь үнэн бодитоор олгооч ээ гэсэн шаардлагыг компанийнхаа удирдлагад хүргүүлснийхээ дараа ажлаасаа халагдсан гэх тэрээр одоо ч тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.
Түүний хэлж буйгаар бол Оюутолгойн монгол ажилчид дунджаар 1,5 сая төгрөгийн цалин авдаг бол гадаад ажилчид доод тал нь 30-40 мянган доллараас эхлэн цалинждаг гэж байгаа юм. Боловсролын ямар ч зэрэггүй гадаад хүн Оюутолгойд ажилд орох гэж гурав хоногийн дотор танил талаараа хөөцөлдөж ороод тийм өндөр хэмжээний цалин авч байхад, боловсрол мэдлэгтэй Монгол залуус 3 сар хөөцөлдөн байж арайхийж ажилд ороод 1500 долларын цалин авч байгааг тэрээр илчилсэн билээ.
Тус компанийн гадаад ажилчид нь албан томилолтоор ийш тийш явахад хоногийн 10 мянган ам.доллар авдаг бол монгол ажилчид 10 хувьд нь ч хүрдэггүй гэх мэдээлэл бий.
Харин Оюутолгойн зүгээс энэ тал дээр тодорхой тайлбар хийгээгүй.
Уг нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний наймдугаар бүлэг буюу ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН СУРГАЛТ-ын тухай хэсгийн 8.1. хэсэгт: Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд нь Монгол Улсын хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө. Хөрөнгө оруулагч нь цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхдээ цалин хөлсийг шударгаар олгох зарчим баримталж, адил үнэлэмж бүхий ажилд адил цалин хөлс олгоно.. гээд заачихсан байдаг. Тэгэхээр хэрэв С.Гантуяагийн хэлж байгаачлан хэрэв үнэхээр цалингийн тийм зөрүү байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдөж байна гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )