Үхэл таригч буюу аврал эрсэн амьдрал

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Чагнуур зүүсэн, халад өмссөн үхэл таригч. Яг ингэж хэлмээр байна. Гэхдээ бүгдийг нь бус хэсэг бүлэг нөхдүүдийг. Бас эрүүл мэндийн ялзарсан салбарыг. Нэн ялангуяа өргөсөн тангарагтаа үнэнч бус, мөнгө өнгө, сандал суудлын хойноос хүний амь нас, эрүүл мэндийг үл тоон зүтгэгсэдийг. Идээ бээрэндээ баригдаж эцэстээ гэрэндээ багтахаа байн зад үсэрч байгаа энэ хязгаар хярхаггүй улстөржилтийг чөтгөр аваасай.

Зөвхөн 1937 оноос нааш гэж ярьвал хэдэн зуун мянган хүний цус нулимсаар гараа угаасан улстөрийн золиос энэ зуунд ч үргэлжилж, бүр хэнд ч гэм хоргүй нялх балчир хүүхдүүд өртөх боллоо. Нам, фракцаараа талцаж, нэгнийгээ шантаажилж бас албан тушаалын наймаа, ашиг хонжооны төлөө өөрийн нүдийг бус бусдыг нүдийг ухаж өгөхөд ч бэлэн болсон ороо бусгаа, ёстой л Богдын лүндэнд өгүүлсэнчлэн “Цөвүүн цаг” иржээ. Энэ л ороо бусгаа цөвүүн цагийн “Дамбийжаа” нь эмчийн тангараг өргөж, цагаан халадаар эрээн дотроо нуусан эмч нар. Гэхдээ бүгдийг нь хамаатуулан ойлгож болохгүй. Алтан гартай бурхан эмч бий. Буг бурхан хоёр хаана ч зэрэгцээд л байж байдаг гэдэг. Тиймдээ ч бурхан эмчийн хажуугаар буг болсон эмч хүний аминд хүрч, зовлонгийн хүрдийг эргүүлэх “боломжийг” ард түмэнд олгож байна!.

Бид ийм хүрд эргүүлэхгүй!. Бас эргүүлмээргүй байна!.

12 дугаар сарын 25. Увс аймгийн Зүүнхангай сумын малчин С.Гэрэлт-Од хүний орчлонд мэндлээд ганцхан сар болж буй нялх үрээ харамсалтайгаар алдсан гэдгийг нийгэм даяар мартаагүй байх гэдэгт итгэлтэй байна. Тодруулбал, тус сумын их эмч Л.Мянганбаяр нь улстөржиж үхэл амьдралын заагт ирээд буй хүүг үзэхээс татгалзаж “Намынхаа даргадаа үзүүл” хэмээн явуулсан байдаг юм. Гэвч жор мэдэхгүй ламаас, зовлон үзсэн чавганц дээр гэж эрхбиш номын дууг нь сонссон, тангараг өргөсөн эмч юм болохоор ахин дахин гуйж байж үзүүлсэн боловч “Чих нь өвдөөд уйлж байна” гэсэн онош тавьж олигтой арга хэмжээ аваагүйгээс хүү амиа алдаж нэгэн өрх уй гашууд дарагдсан байдаг.

Увс аймгийн Зүүнхангай сумаас аймгийн ИТХ-д МАН-аас сумын их эмч Л.Мянганбаяр, АН-аас Н.Зулбаяр, МАХН-аас Н.Пүрэвсүрэн нар дэвшиж, АН-аас нэр дэвшсэн Н.Зулбаяр ялалт байгуулсан нь тус сумын эмч иргэддээ хатуурхах шалтгаан болсон гэх.

12 дугаар сарын 29.  Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг сувилагч Г.Цэрэнлхам хариуцлагагүй байдлаасаа үүдэн халуун усаар шалзлав. 3 кг 900 грамм жинтэй төрсөн, эрүүл саруул охин мэндэлсэн даруйдаа л зовлон шаналлын хүрдийг эргүүлсэн. Нярай охины бөгсөн биеийн 90 хувь нь шалзарчихаад байхад сувилагч Г.Цэрэнлхам ар гэрийнхэнд нь, ээжид нь хэлэлгүй нууж байсан юм. Азаар охин амьд мэнд үлдэж түлэгдэлт нь илааршсан боловч хатуухан хэлэхэд түүний бөгсөн биеийн талаар “Гоо сайхан”-ны тухай яриад ч хэрэггүй. Гурав, дөрвөн нас хүртэл нь томон бариа хийх шаарлдлагатай. Түүнээс цааш арьсны гоо сайхны асуудлыг хэрхэх нь бүрхэг.

2013 оны нэгдүгээр сарын 13. Эрүүл саруул төрсөн нярай эмнэлгийн орон дээр амиа алдаж. Нийслэлийн II амаржих газрын төрсний дараах тасаг ердөө 14-хөн ортой. Гэтэл орных нь тооноос дөрөв та дахин  олон эхчүүд эл эмнэлэгт шинэ хүнээ тосч авдаг. Тиймээс эмнэлгийн ор хүрээлцээгүйн улмаас нярай амиа алдсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, нэг орон дээр хоёр эх хүүхэдтэйгээ дөрвүүлээ “амьдардаг”. Орнууд нь пүрштэй учраас доош хотойж унтаж хэвтэхэд тун төвөгтэй. Дөнгөж нярайлсан ээжүүд ядарч сульдсан нь ч мэдээж. Яг ийм нөхцөлд одонгийн хүүхдээ төрүүлсэн ээж түр дугхийх хооронд нярай ээжийнхээ хөхөнд дарагдан амиа алджээ. Харин тус эмнэлгийн удирдлага “Эх нь буруутай бидэнд хамаа байхгүй” хэмээн уцаарлаж асуудлын бүх бурууг эх рүү нь түлхжээ. Гэхдээ 100 хувь эхийн буруу биш гэдэг нь дээрх тайлбараас харагдана. Сүүлийн хэдэн жилд төрөлт эрс нэмэгдэж төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан гэх тайлбар хийж, “сул” цалин авч суухын оронд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж орны хүрэлцээ энэ тэрдээ анхаарал хандуулж, хэдэн ор нэмчихсэн бол дөрвүүлээ шахцалдан нярай хүү хөхөндөө дарагдаж амиа алдах байсан уу гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр эмнэлгийн орон дээр эмчийн буруугаас болон бусад хүчин зүйлийн улмаас амиа алдаж байгаа тохиолдлуудаас олон нийтэд хүрсэн, мэдэгдсэн нь цөөн.

Хариуцлагагүйн зуд нүүрлүүлсэн эмч нарын буруугаас үүдэн дөрөвхөн настай охин амьдаараа тамлагдаж байна !!!

Харин өдгөө эмч нарын хариуцлагагүй үйлдэл, итгэл сэтэглгүй байдлаас үүдэн дөрөвхөн настай охин үхлийн ирмэг дээр, тамын тогоонд байгаа мэт өдөр хоногийг тарчлан өнгөрүүлж байна!

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох албан тушаалтнууд энэ зургийг үзээсэй. Охинд туслаасай. Өр зүрх урагдмаар, нүд халтирмаар дүр зураг, тарчлалыг чагнуур зүүсэн, цав цагаан халад өмссөн, тангараг өргөсөн эмч нар түүнд “бэлэглэсэн”!!!

Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг. Дөрөвхөн настай. Бас дөрөвхөн сарын өмнө цоо эрүүл, сэргэлэн цовоо байсан хүүхэд. Гэвч 2012 оны 09 сарын 13-ны шөнө гэнэт уйлагнаж, хоёр цагийн дотор биеэр нь улаан товруу туурч цаг орчмын дараа түргэн тусламж ирэхэд биеэр нь битүү тууралт гарчээ.

Охиныг үзсэн түргэн тусламжийн эмч нар яаралтай эмнэлэгт хэвтэхийг зөвлөж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж өгчээ. Гэвч хариуцлагагүйн зуд нүүрлүүлсэн эл газар охиныг “Хүндэрсэн байна” гэх шалтгаанаар хүлээж аваагүй гэх. Уг нь хүнд хүнийг л юуны өмнө хүлээж авдаг баймаар. Гэтэл “Хүндрсэн байна” гэх шалтгаанаар хүлээж авахгүй байсан учраас охины эцэг эх үүрийн 06.00 цагийн орчимд Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж охиноо үзүүлэхэд “Цахилгаан менингит” гэсэн онош тавин хэвтүүлж эмчилгээ хийж эхэлсэн байна. Ингээд сар орчим халдвартын сэхээний тасагт хэвтэж, цахилгаан менингитийн эсрэг эмчилгээг хийж байжээ.

Харин 10 дугаар сарын 05-нд охины онош буруу тогтоогдсон байна хэмээн уг тасгаас өөр тасагт шилжүүлжээ!. Улмаар асуудал хүндэрч бүр сүүлдээ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тус эмнэлэгт шилжүүлэх хүсэлт тавьсан ч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв аанхай л хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

Ингээд эмнэлэг бүрээс эмч гарч бүхэл бүтэн эмч нарын баг “ажилласны” дараа охиныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нуруу, нугасны тасагт шилжүүлжээ.

5-6 эмчийн гар дамжиж, эмчлүүлэх эмнэлэг “хайж” явсаар охины өвчин хүндэрч өдгөө үрэвслийн нян цусанд нь орж севсис болжээ.

Мөн гурван удаа арьсаар биеийг нь нөхөх хагалгаанд ороод байгаа төдийгүй охины өвдөгний тойгийг хайчилж авчээ!!!

Эмчилгээний явцад хоёр гарынх нь шуунд махан нөхөөс хийсэн ба одоо бөгсөн биеэс доош махан бие нь битүү шархтай, мэдээ алдуулагчтайгаар боолт сольдог аж. Бас тун удахгүй махан нөхөөс хийх хагалгаанд орно.

Үүнээс өөр эмчилгээ охинд үлдсэнгүй!!!

Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу эл тавиланг хариуцлагатай, энэрэх сэтгэлтэй, эмнэлэг шиг эмнэлэгт, эмч шиг эмч нар өөрчилж чадна. Өөрөөр хэлбэл гадагшаа явж эмчлүүлэх.

Ийм л зовлонг туулж буй охин, сэтгэлийн шахтай сууж буй ээжийг төрсөн эцэг нь, эр нөхөр нь хаяж яваад сураггүй болсон гэх. Мэдээж эмч нар, эмнэлэг гэх байгууллага аль хэдий амьдралаар нь “тоглосон”. Харин сайхан сэтгэлт Монголын ард түмэн охины амьдрах хүслийг нь хөсөрдүүлж хаяхгүй байх гэдэгт итгэж байна. Охинд ирээдүй хайрлая.

Хандивын данс: Хаан банк-5079047419

Ж.Наран

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БҮГДЭЭРЭЭ ТУСАЛЦГААЯ(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

ХЭНИЙ Ч ҮР ЯЛГАА ЮУ БАЙХАВ. БҮГДЭЭРЭЭ БОЛОМЖИЙНХОО ХИРЭЭР МӨНГӨ ХАНДИВЛАЦГААЯ. МИНИЙ ХӨӨРХӨН ДҮҮ ЗААВАЛ ЭДГЭНЭЭ. БУРХАН ХАРЖ БАЙГАА. ЗААВАЛ ЭДГЭХ БОЛНО.

1  |  0
46(203.91.116.34) 2025 оны 03 сарын 13

ёооо ямар аймар юм бэ үхтэл үр харам гэдэг биз дээ үнэхээр өрөвдөмөөр юмаа.Хахаж цадатлаа идэж ууж байгаа муусайн баячуудад ийм зүйл тохиолдоод үзээсээ яах болоо энэ хөөрхий охины амьд явах нь мөнгө гэдэг хэдхэн цааснаас л шалтгаалж байна шүү дээ Тэр идэж уугаад ханахгүй байгаа 76 гахайнууд юугаан хийгээд байна аа

1  |  0
Top