Налайхын ундны усны чанар 5 жилийн дараа сайжирна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Скандиновын орнуудад өргөн хэрэглэгддэг ундны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн стандартыг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дани улсын “ДВС Вандтехник” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларс Кастхолм нар 2012-2018 онд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн одоогийн ундны усны хэмжээг нэмэгдүүлж, ундны усны чанар болон бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар сайжрах гэнэ. Тэгэхээр 5 жилийн дараа гэхэд Налайхын ундны усны чанар сайжирч эхлэх талаар энд яригдаж байна гэсэн үг юм.

 “ДВС Вандтехник” компанийн тухайд  ундны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн зураг төсөл зохиох, барьж угсарч ашиглалтанд оруулах болон цаашид 18 жилийн турш тус байгууламжийг ажиллуулна. Тус байгууламж нь бүрэн автоматжуулсан хяналтын системтэй байх бөгөөд -35 хэмийн хүйтэнд ажиллах боломжтой юм байна. Ингэснээр Налайх дүүргийн 40 мянган оршин суугчдыг жилийн 4 улиралд тасралтгүй, доголдолгүй ажиллаж, ундны усаар хангах болон бохир усыг татан зайлуулж цэвэрлэх аж.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний  газар энэхүү төслийн төлөвлөлт, техникийн шийдэл дээр нь хамтран ажиллаж байна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top