Малчдад ноосны урамшуулал олгохоор засгаас шийдвэрлэсний дагуу арванхоёр онд урамшууллын материалаа бүрдүүлсэн малчин, мал бүхий этгээдийн 99,1 хувь, нийт малчин, мал бүхий этгээдийн 64,5 хувь нь урамшуулалд хамрагджээ.
Аймаг, нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газруудаас 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 104,057 малчин, мал бүхий этгээдийн 13,846.2 тн хонины ноос, 890.8 тн тэмээний ноос бэлтгэж үндэсний vйлдвэрт тушаасан мэдээг анхан шатны баримттай тулган баталгаажуулж Мал хамгаалах санд ирүүлсэн аж.
2011 оны жилийн эцсийн байдлаар 15,7 сая толгой хонь, 280,0 мянган толгой тэмээ тоологдсноос тооцоход 2012 онд улсын хэмжээнд нийт 16,4 мянган тонн хонины ноос, 1,4 мянган тонн тэмээний ноос нийт 17,8 мянган тонн ноос бэлтгэгдэх тооцоо гарсан. Энэ онд Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн үндэсний 154 үйлдвэрээс 16,498.7 тн хонь, тэмээний ноос худалдаж авсан мэдээг баталгаажуулж ирүүлсэн болно. Энэ нь өмнөх онтой харьцуулахад үндэсний үйлдвэрүүд 2.6 дахин их ноос буюу нийт бэлтгэсэн ноосны 82,5 хувийг худалдаж авсан байна.
Мал хамгаалах сан нь журмын дагуу дээрх хоёр талын ирvvлсэн мэдээллийг харьцуулан хянасан бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалын дагуу 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 103,162 малчин, мал бүхий этгээдийн тушаасан 14,7 мянган тн ноосны 29,4 тэрбум төгрөгийн урамшууллыг сумдын Төрийн сангийн дансанд шилжүүлэх замаар олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )