“Бурамэ”-аас амжилттай хуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дэргэдэх Бурамэ эмнэлгийн загварыг өөрийн эмнэлэгт нэвтрүүлэх “Бурамэ-аас суралцъя” гурван сарын хугацаатай аяныг өрнүүлж дуусчээ. Тэрчлэн суралцсан бүхнээ танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Тус эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий Сөүл хотын “Бурамэ” эмнэлгийн боловсронгуй технологийг хуулбарлах ажлыг амжилттай өрнүүлснийг тэмдэглээд цаашид олон түмний сайн сайхны төлөө цаг мөчтэй уралдан, хамт олноороо хичээн ажиллана хэмээн мэдэгдэв.

Харин Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНСУ-ын Бурамэ сангийнханд манай эмч нарыг өөрийн зардлаар сургаж өгсөнд талархал илэрхийлэн, БНСУ-ын эмчилгээний чанар, үзүүлэлт сайныг илтгэж байдаг хэмээн онцлоод, энэхүү үйлчилгээг Монголд нэвтрүүлж буй анхдагч эмнэлэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болж байгаа бөгөөд улмаар эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалт хийж буйд талархалтай байна гэж байв.

Тус өдөрлөгт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий, Стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Д.Далайжаргал, албадын дарга нар, клиникийн профессорууд, эмнэлгийн эмч, ажиллагсад оролцлоо.

Ер нь бол Монголд эрүүл мэндийн салбарын хөгжил иргэн бүрийн тулгамдсан асуудал боллоо. Хүний анхдагч хэрэгцээ бол эрүүл байх, эрүүл мэнд бол эрхэм баялаг. Сүүлийн жилүүдэд манай оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам өсөн нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймээс ард түмнээ урт наслуулах, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгахын тулд эмнэлгээ сайжруулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ялангуяа тэдгээрийг өндөр хөгжилтэй орнуудаас суралцан, өөрийн эмнэлгийн хөрсөнд буулгаж нутагшуулан, бүх тасаг нэгжүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагаа чухал байгаа юм.

Тодотгоход, УНТЭ 2011 онд Солонгосын Сөүлийн Их сургуулийн харъяа Бурамэ эмнэлэгтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд манай эмнэлгийн 40-өөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн зөвхөн тус эмнэлэг дээр дадлага хийж маш ихийг сурч мэдэж ирсэн. Сурсан зүйлүүдээ хэрэгжүүлэх зорилгоор Б.Бямбадорж даргын санаачлагаар 3 сарын хугацаатай “Бурамэ-аас суралцъя” аян эхлүүлж ажиллаа. Зохиогдсон аянд манай эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилчид их идэвх санаачлагатай ажилласны үр дүнд нэлээд олон эерэг өөрчлөлтүүд гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамны эрхмүүд хэлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top