БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар 2012 оны 12 дугаар сард шинэ албан тушаалд томилогдон ирээд яамны ажилтнуудтай 2 удаа уулзаж санал бодлоо товчхон илэрхийлжээ.
Харин ажлаа хүлээн авснаас хойш 1 сарын дараа яамны ажилтан албан хаагчидтай цаг зав гарган уулзаж, цаашид баримтлан ажиллах бодлого, зарчмаа танилцуулан тодорхой үүрэг чиглэл өгсөн аж.
Шинэ онд шинэ удирдлага, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхлээд буй БХЯ-ыг цаашид ерөнхий чиг үүргийн яам болгох, Батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллага буюу бодлогын яам болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлд илүү хандуулах, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилтнуудын мэдлэг боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга онцолжээ.
Энэ сараас эхлэн яамны ажилтнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих болон хоолны нөхөн олговрыг нэмэгдүүлэх тушаал гаргаснаас гадна цаашид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цалин, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг судлах үүргийг ТЗУГ-т өгсөн. Энэ бүхнийхээ зэрэгцээ улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг зангидан ажилладаг төрийн онцгой үүрэгтэй яаманд ажиллагсдын мэдлэг боловсрол, ур чадварт тодорхой шаардлага шалгуур тавьж ажиллана. Цаашид БХЯ-нд магистраас доош зэрэгтэй буюу баклавар зэрэгтэй албан хаагчид ажиллуулахгүй байх бодлого барина. Яамны ажилтнууд бодлого боловсруулах, багаар ажиллах чадвартай байхын зэрэгцээ бие дааж хууль эрх зүй, гадаад хэл, судалгаа шинжилгээ, удирдлага менежментийн мэдлэгээ дээшлүүлэх, офицер цолтой алба хаагчид цэргийн хэргийн мэдлэгээ ахиулах, энэ чиглэлээр төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажиллахыг газрын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн яамны дотоод тохижилтын төсөл хэрэгжүүлэн 1-2 дугаар давхрыг монгол цэргийн түүх, уламжлалыг харуулсан хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж байгааг дурдаад цаашдаа улиралд 1 удаа ажилтан албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонсч байхаа илэрхийлжээ.
Энэ хугацаанд БХЯ-ны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн дагуу ажилтнуудыг шинэ орон тооны албан тушаалд томилох, үүний дагуу ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх, БХЯ-ны шинэчлэлийн бодлогын бүдүүвчийг боловсруулах зэрэг цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлжээ. Түүнчлэн энэ хугацаанд бригадын генерал З.Болдбаатар БХЯ-ны харьяа БХИС, ЗХКТГ, дүрэмт хувцасны оёдлын “Бөртэ” ТӨҮГ-ын ажил байдалтай танилцаад байна.

Сэтгэгдэл ( 0 )