Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарснаас болсон уу, утааны асуудал урьд өмнөөс илүүтэй гамшгийн хэмжээнд хүрэхүйц ихэслээ, ялангуяа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд. Монголчууд бид баргийн юмыг тоогоод, нялцганаад, янгуучлаад байдаггүй, бүдүүн баараг хүмүүс. Гэвч аливаа зүйлд тэвчээрийн хязгаар байдаг бололтой. Энэхүү аймшгийн утаанаас болж үнэнхүү бухимдал төрж байнаа.
Хотын төвд гэр хорооллоос хол амьдардаг, эсвэл хотоос гадагш цэвэр цэнгэг агаарт, хаус харшинд тансагладаг ихэс дээдсийн хувьд хорт утаан дунд хоног төөрүүлж байгаа ихэнх иргэдийнхээ зовлонг ойлгож, зовиурыг мэдрэхгүй байх нь аргагүй.
Утааны хор уршиг хамгийн түрүүнд хөгшин хөвөө, хүүхэд нялхаст хүндээр тусаж, хууч архаг өвчнийг нь сэдрээх байдлаар эрүүл мэндэд нь ноцтойгоор нөлөөлж байна. Гэр хороололтой ойрхон оршдог орон сууцны хорооллууд ч тэднээс дээрдэх юм огт алга. Цонх, хаалга, тагтны нүх сүв бүрээр утаа нэвчин, гэрээр нэг ханиаж, хахаж цацсан хүмүүс, хэлэх үг ч алга...
Яг ингэж бухимдсан үед утаагүй зуухны төсөл гэж сүржигнэн өчнөөн тэрбум төгрөг цацсан нь бодогдож ямар их дургүй хүрдэг гэж санана! Хаа байна тэр утаагүй зуух, нөгөө сүртэй “Цэвэр агаар төсөл” чинь??? гэж хашгирмаар... хэрэв бодит хүн байсансан бол нам цохиж унагаад, газартай тэгшлээд хаячихмаар санагдахыг яана гээч!
Нийгмийн иймэрхүү сөрөг үзэгдлүүд л хүмүүсийг хүн биш болгож, байгалиас заяасан араатан авирыг нь сэдрээдэг бололтой. Хүн ч, амьтан ч, эцсийн эцэст амьд оршин тогтнохын төлөө байдаг хүчээрээ тэмцдэг. Гэтэл амьд явах эрх нь зөрчигдөөд байвал яах вэ? Мэдээж хилэгнэнэ, бас тэмцэнэ. Хэрэв бүх зүйл ном ёсоороо, аятайхан байдагсан бол хэн ч бухимдаж уурлахгүйсэн.
Энэ өвлийн хувьд Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр нүүрс тарааж, ядарсан олондоо буян үйлдэж байгаа. Харин одоо хорт утааны баг хөнгөлөлттэй үнээр авмаар байнаа, ерөнхий сайд аа...
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )