12 тугалын үхлийн шалтгаан энэ долоо хоногт тодорхой болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

Арванхоёр тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсон Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн орчимд Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзээд дээж аван шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Цөмийн Энергийн Газраас Дорноговь аймагт хийсэн хяналт шалгалтын талаар дараах мэдээллийг өглөө.

Тус газраас Мэдээллийн мөрөөр 2012 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын байцаагчид хийжээ. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Л.Алдармаа, Б.Батдулам нар орж ажилласан байна.

Цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн 0.06-0.09 мкЗв/цаг хэмжээтэй байгаа нь байгалийн цацрагийн фон түвшний зөвшөөрөгдөх хэмжээ /0.2 мкЗв/цаг/-нээс даруй 2 дахин бага байна. Усан дахь радоны хуримтлалын хэмжээ нь 1.11 Бк/л хэмжээтэй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (100 Бк/л)-нээс 90.09 дахин бага байна.

Ундны усны худаг, Д.Норсүрэнгийн бууц, Заг овооны бууц, “Кожеговь” ХХК-ийн өрөмдсөн PDL-34 цооногийн орчмоос хөрсний 7 ш, усны 2 ш дээж авч Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжилгээнд өгөөд байгаа аж.

 Лабораторийн шинжилгээнд өгсөн дээжийн хариу энэ долоо хоногоос гарч эхлэх бөгөөд шинжилгээний үр дүн эцэслэн гарч, баталгаажсны дараагаар дээрх шалтгааныг тогтоож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлон албан ёсны дүгнэлтийг олон нийтэд өгөх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top