Дорноговь аймгийн Улаанбадрах суманд оны өмнө 10 гаруй мал хордож үхсэнийг тус сумын нутаг дэвсгэрт цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшдэг “Арева” компанийн охин компани “Кожеговь”-ийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж байгаа билээ. Ямартай ч Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид тухайн бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд очиж цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзээд дээж аван шинжилгээнд өгчээ. Шинжилгээний дүн 5-6 хоногийн дараа гарах аж. Дүн гарсны дараа Цөмийн энергийн газар, Байгаль орчны иргэний зөвлөл хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.
Мөн “Кожеговь” компанид химийн бодис хадгалалт, хэрэглэлт, технологийн зөрчил байж болзошгүй гэж үзэж байгаа тул цацраг идэвхит бодис хайж байгаа үйл ажиллагаанд нь өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Хачирхалтай нь тус шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард хийнэ гэсэн мэдээллийг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас хийсэн байх юм. Одоо нэгдүгээр сар дундаа ороогүй байхад “Кожеговь” компанид хийх шалгалтыг ийн хойшлуулж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хэрэв “Кожеговь” компанид химийн бодис хадгалалт, хэрэглэлт, технологийн зөрчил байгаа болоод тус аймагт арав гаруй мал үхсэн байвал яах вэ. Шаардлагатай шалгалтыг эртхэн хийх ёстой бус уу..

Сэтгэгдэл ( 0 )