Байраа булаалгасан ТТАХНЭ-ийн эмэгтэй гишүүдэд хандлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

ТТАХНЭ-ийн  хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байсан байраа Хууль зүйн яаманд булаалгасан. Гэхдээ энэхүү үйлдлийг тасалан зогсооход төрийн эрх баригчдын оролцоо их бөгөөд УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан уриалга гаргаад байгаа юм байна.  Ингээд энэхүү уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

ТТАХНЭ-ийн үйлчлэх хүрээ Хил, Дотоодын цэрэг, Хорих байгууллага, Цагдаа, Онцгой байдал, Хууль шүүхийн байгууллагуудад ажилладаг мянга мянган эгэл жирийн офицер ахлагч, энгийн ажилчид, эдгээр байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарагсдын эрүүл мэндийг сахидаг. Иймээс эдгээр хүний эрүүл мэндийг хөсөр хаяж, ойрын хэдэн жилдээ V цахилгаан станцын барааг харахаас нааш ашиглалтанд орохгүй гэгдээд байгаа Цэргийн төв эмнэлгийн барилгын өргөтгөлд нэгтгэж оруулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй цөөн хэдэн хүн тогтоол болгочихоод түүндээ махран зүтгэж байгаад үнэхээр харамсалтай байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч хариу огт өгөхгүй таг чиг байгаа нь ард түмнийхээ эрүүл мэндийг ойшоож үзэхгүй байгаа мэт бидэнд санагдаж байна.
Шинэчлэлийн нэрэн доор хийгдэж байгаа Засгийн газрын уг тогтоол бол тус эмнэлгийн Чингэлтэй дүүргийн иргэдэд үзүүлэх мэс заслын тусламжийг бүрэн үгүй болгож байгаагаас гадна бүрэн суурилагдаад ашиглалтад орчихсон дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй MRI, СТ аппаратын зөвхөн тээвэрлэж өөр эмнэлэгт дахин суурилуулах зардалд нэг тэрбум төгрөг шаардагдах асуудал хөндөгдөж байна. Дээр нь 80 хувь ашиглалтанд ороод байгаа уг барилга бол өрөө бүртээ өвчтөний 00-той, хүнд өвчтөнүүдэд зориулагдсан өрөө болгон нь ханандаа удирдлагын болон хүчилтөрөгчийн нэмэлт хоолойнуудыг далд аргаар суурилуулчихсан, өвчтөн тээвэрлэх лифт гэх мэт орчин үеийн бүхий л эмнэлэгт байх стандартад бүрэн нийцүүлэн баригдчихсан байгаа учраас эргээд зөвхөн хуулийн байгууллагын оффис болгож эвдлэх гэж байгаа нь уг тогтоолын хамгийн муу үр дагавар буюу Монгол Улсад эрүүл мэндийн салбарын уналтанд ороод байгаа, улсад харьяалагдах орчин үеийн эмнэлэг огт баригдаагүй байгаа энэ үед хийж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн алдаатай шийдвэр болж байгаа юм. Энэ зохисгүй шийдвэрийг УИХ-д ард түмний төлөөлөл болж байгаа 76 гишүүд, тэр дундаа эх хүний ариун нандин сэтгэлийг өөртөө цогцлоосон эмэгтэй гишүүд та бүхнийг энэ байдалд анхаарлаа хандуулан, наанадаж Монгол Улсад сүүлийн 30 гаруй жилд баригдаагүй энэхүү эмнэлгийг эмнэлэг чигээр нь үлдээх, цаашилбал эрүүл мэндийн салбар, эмнэлгүүдэд үүсчихээд байгаа дараалал, дугаарлалтыг бууруулахад нөлөө үзүүлэхүйц шинэлэг оношлогоо шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд мөн 300 гаруй ортой хэвтүүлэн эмчилгээ хийх хүчин чадалтай барилгыг эвдүүлэн өөр чиглэлээр ашиглуулахгүй байхад өөрсдийн эрх нөлөөгөө үзүүлж ард түмний эрүүл мэндэд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.
Нэмж хэлэхэд ТТАХНЭ-ийн 250 ажилчин, албан хаагчдын 80 хувь нь эмэгтэй. Тэдгээрийн 30 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг юм. Дээрх тогтоолтой холбоотойгоор тус эмнэлэгт ажиллаж буй энгийн эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нарын ажлын байрны асуудал ч давхар хөндөгдөж байгаа билээ. Тиймээс бидний зорилгоо болгон тэмцээд буй эмнэлгийг оффис биш эмнэлэг чигээр нь үлдээх тэмцэлд та бүхнийг нэгдэн, удирдаж оролцохыг хүсэмжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top