Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаад байсан юм. Энэ удаагийн наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга тодорлоо. Харин дэд байрт яруу найрагч Б.Мягмаржав орсон бөгөөд түүний шагналыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гардуулан өгсөн юм. Гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарч, дөрөвдүгээр байрын шагналыг Модернист яруу найрагч Б.Галсансүх, тавдугаар байрт яруу найрагч Ай.Төмөр-Очир шалгарав.
Мөн гуч дахь удаагийн наадмын “Авьяастан залуу” алтан медалийг Э.Сударчулуун хүртсэн бол “Болор цом-30” наадмын нэрэмжит шагналыг М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун нар гардлаа. Түүнчлэн үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” цомыг яруу найрагч Л.Ганзулд хүртээв.
“Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Н.Гантулга нь “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга бөгөөд жил жилийн Болор цом наадамд оролцож байсан юм.
"Болор цом"-30 яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлэг
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
алсарч оддог
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )