БОНХЯ-аас энэ 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа. “Байгаль орчныг хамгаалах” гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэх үйл ажиллагаа ч бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёсзүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнах тухай ойлголт юм.
Жилийн ажлын зорилго нь: Байгалиа дээдэлж ирсэн уламжлал, ёс заншилд түшиглэн залуу үеийнхэнд байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах соёл хандлага, амьдрах орчноо тэтгэн баяжуулах арга ухаан эзэмшүүлэх, Хүмүүсийн амьдрах ур чадвар, сэтгэлгээг байгаль, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд зохицуулах, Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх, Байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлахад оршиж байгаа аж.
Хийгдэх ажлын ерөнхий чиглэл: Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, уламжлалт шашин, хөдөө аж ахуй, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж танин мэдэхүй, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлыг цогцоор хэрэгжүүлэх,“Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол” Үндэсний форумыг зохион байгуулах, “Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролын Үндэсний хөтөлбөрийг батлуулж мөрдүүлэх,Байгальд халгүй уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг хөхүүлэн дэмжих, Эко сургуулиудын үйл ажиллагааг нэгдсэн удирдамжаар ханган бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )