Зугатсан улстөрч эмчийг хууль гүйцэх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Хариуцлагагүйн зуд улстөр дагаж нүүрлэсний жишээ нь нярайн аминд хүрсэн Л.Мянганбаяр эмчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр. Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг шалзлам халуун усаар түлчихээд нялх биетэй ижий, ар гэрийнхэнээс нь тас нууж хоёр цаг болсон сувилагчийн тавьсан хэргийн дуулиан намжиж амжаагүй байтал тангараг өргөсөн эмчийн улстөржсөн байдлаас үүдэн нярай хүүхэд эндсэн мэдээ олныг цочоосон.

Увс аймгийн Зүүнхангай сумын эмнэлгийн эрхлэгч Л.Мянганбаяр нь хүүхдээ үзүүлэхээр очсон эцгийг намынх нь харъяаллаар ялгаварлан эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзан   “Намынхаа даргад үзүүл” хэмээн улстөржсөн байдаг. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн тэрбээр эл өс хонзонгоо барьж чадалгүй эмчийн тангарагаа умартаж нэлээд гуйлгуулж байж нярайг үзжээ. Гэсэн ч нярай маргааш нь эндсэн билээ.

Эл хэргийг харъяа  цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эмчийн тангарагаа умартсан Л.Мянганбаяр эмчтэй тооцох хариуцлага байхгүй бололтой. Тэрбээр өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа ба олны хэл амнаас залхсан уу яасан, ямартай ч Увс аймаг руу албан ажлаар яваад сураггүй болжээ.

Түүнтэй сумын Засаг дарга болон АН-ын дарга нь уулзах гээд “барахгүй” байгаа гэх мэдээлэл ирлээ. Эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар өнгөрсөн оныхоо тайланг хүргэхээр аймаг яваад л эргэхээ мартсан бололтой.

 Ямар ч байсан аймгийнхаа ИТХ-д нэр дэвшиж ялагдал хүлээсэн тэрбээр бүх буруугаа ард түмэндээ үүрүүлж, хариугаа авч буй нь хэмээн дүгнэхээс өөр арга алга. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээрх түүний нэрийг дугуйлж ИТХ-д гаргаагүйнхээ төлөө ард түмэн түүнд үзүүлж эмнэлгийн тусламж авах эрхээ хасуулж байгаа нь энэ. Сүүлийн үед эрх баригчдаас эхлээд энгийн ард иргэд хүртэл талцаж өдөр өнжихгүй хэрүүл уруул хийж, дарга цэргээрээ ялгардаг болсны эмгэнэлт жишээ энэ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж. Ард түмнийхээ үгийг төрд дуулгах үүрэг хүлээсэн эрхэм элч гишүүд намаараа талцаж, намын, суудлын төлөөх эрх ашгийн сонирхол ямар байдгийг үлгэр жишээ үзүүлдгийн гай гарлаа ч гэж болно.

Л.Мянганбаяр эмч эрдэм чадал, энэрэх сэтгэл, ёс зүй, төрийн хуулийг уландаа гишгэж өөрийн эрх ашгийг л эрхэм болгожээ. Учир нь эмчийн тангарагт “Эмч би: Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа Тангараглая” хэмээсэн байдаг. Гэтэл өнөөдөр “Намынхаа даргад үзүүл” хэмээн гэдийж суугаа түүнд эрүүл мэндийн салбарт багтах зай байгаа гэж үү. Нэг нярайн аминд хүрлээ. Дахиад “Намын даргад үзүүлэх эсэх асуудал гарвал яана”!!!.

 

Н.Энэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top