Ажлаа хийж чадахгүй бол зай бол Н.Удвал сайдаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

Монголын үрс маш олон болтугай гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Гэвч хүн болоод ирсэн бяцхан үрсийг маань зарим нэгэн хариуцлагагүй эмч нар гэмтээж, хороож байна. Эсвэл хүн болох гэж байхад нь санаатайгаар алсаар байна. Гэтэл энэ бүхний эсрэг  салбар хариуцсан сайд нь арга хэмжээ авах бус “Сайхан сэтгэлийн төөрөгдөл” байсан гэж элийрсэн мэдэгдэл  хийж Монголын эрүүл мэндийн салбар ялзарсан болохыг бүх нийтэд харууллаа.

Нярайг халуунтай байхад нь вакцин хийсний улмаас насаараа эрэмдэг болсон түүх миний ойр тойронд гурав байна.  Үүнээс гадна ойрын үед болсон хоёр жишээг дурьдая. Оны өмнөхөн Увс аймгийн Зүүнхангай суманд тангараг өргөсөн эмч Л.Мянганбаяр улстөржиж хүүхэд үзэхээс татгалзсанаас болж нэг сартай хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарав. Тэрбээр орон нутгийн сонгуульд ялагдсан болохоор  хүүхэд үзэхээс татгалзсан юм.  Холын аймаг болохоор энэ хэрэг саяхан олны сонорт хүрсэн.  Өнөөдөр тэрхүү алуурчин эмч ажлаа хийгээд явж байна.  Тэр хүн дахиж хүүхэд хороох вий гэсэн айдас эх хүн бүрт төрж байгаа бизээ. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дөнгөж төрсөн нярай хүүхдийг халуун усаар түлсэн.  Улмаар гэр бүлийнхэнтэй маргалдсан.  Азаар энэ хэрэг олны анхаарлын төвд орсноор  өнөөдөр нярай амь аврагдсан. Өнөөдөр эмчилгээ хийлгэж байгаа ч насаараа өрөөл татанхай болох бүрхэг ирээдүй ойрхон байгаа.  

Монголын ард түмэнд үйлчлэхээр олон улсын жишигт нийцсэн эмнэлэг баригдаад ашиглалтад орохын даваан дээр Х.Тэмүүжин сайдад булаалгав. Үүнд салбарын сайдын хувьд, бүх нийтийн эрүүл мэндийн төлөө дуугарах болов уу гэтэл “Өөрсдөө учраа ол надад хамаагүй” гээд шарваач зан гаргав.

Төрөх эмнэлэгүүдэд танилгүй, хамгийн багадаа 100,000 төгрөггүй бол эсэн мэнд амаржина гэсэн ойлголт байхгүй. Хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгийн дийлэнх нь өнөөдөр  үр хөндөлтийг нууцаар хийж байгаа.  Энэ бүхний эсрэг сэтгүүлчид бид л дуугардаг болохоос салбарын сайд Н.Удвал нь мэдэгдэл хийж байсан удаагүй.  Хичнээн үрс эндэж, эрүүл мэндээрээ хохирсон бол бодохоос гол харламаар.

Н.Удвал гэгч хүнийг сайд болсноос хойш  утсаар холбогдох гэсэн боловч чадаагүй.  Тэр хүн азын дугаар ч бай, энгийн дугаар ч бай танихгүй дугаар л бол авдаггүй.  Танилуудынхаа дугаарыг  дур нь хүрвэл авдаг.  Харин яалт ч үгүй өөрөөс нь ярилцлага авъя гэж нүүр тулсан тохиолдолд ирэх долоо хоногоос холбогдое гэнэ.  Тэгээд сэтгүүлч надаас 10 гаруй удаа “бултсан” түүх бий. Эндээс Н.Удвал муриачин  гэдэг нь  харагдаж байгаа юм.   

Тэрбээр салбарынхаа сайд болсноор сэтгэцийн эрүүл мэндийн  тухай хууль, ДОХ/ХДХВ-ийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Өөр ажил хийснийг мэдэхгүй, санахгүй байна. Угаасаа хийгээгүй болохоор тэр биз.  Яг үнэндээ дээрх хоёр хуулийг Н.Удвал сайд  өөрөө ч сайн мэдэхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Эндээс Н.Удвал салбарынхаа талаар дорвитой мэдээлэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Бүх нийтийг өвчин тусахаас нь өмнө эсвэл эрүүл мэндийн салбарын ажилтан алдаа гаргахаас нь урьтаж сэргийлэх ажлуудыг ЭМ-ийн сайд нь санаачилж, яам нь энэ ажлыг гардан хийдэг. Тэгтэл алдсан хойно нь тэнэгээ гайхуулсан мэдэгдэл хийх хэрэггүй гэдгийг  ухамсарла.  Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь зайгаа тавиад өгчих нь зүйн хэрэг. Н.Энхбаяр гэгч хүний төлөө наснаасаа олон дуугарч, анхаарлаа тэр зүгт хандуулан ажиллах шаардлагагүй. Эс бөгөөс дахиж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох нь байна.  

Хэрвээ Японд байсан бол ухамсараараа суудлаасаа огцордог юм билээ. Зарим нь бүүр амиа хорлож ард түмнээсээ уучлалт гуйдаг.  Энэ нийтлэлээрээ Н.Удвал сайдыг амиа хорло  гэж хэлээгүйг ойлгоорой. Харин ухамсартай, хариуцлагатай ажил, үгүй бол зай бол. Болохгүй бол огцруулах арга хэмжээг  ард түмэн авч чаддаг гэдгийг  бодоорой.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top