Chalco татгалзсан нь Монголын ялалт уу

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Монгол Улс “баялгийн нөөцтэй хийх тоглоом”-доо эцсийн цэг тавилаа. Гэвч энэ тоглоом тун удахгүй шоглоом болон хувирч магадгүй. Хөнгөн цагаан үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятадын Chalco компани коксжих нүүрсний нөөц бүхий Овооттолгойн ордыг эзэмшигч SouthGobi Resources-ийн хяналтын багцын тодорхой хувийг авах гэсэн саналаасаа татгалзаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Энэ оны дөрөвдүгээр сард Chalco хувьцаа худалдан авах саналаа тавьсаны дараахан Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээнд хязгаарлалт хийх хуулийн төслийг санаачилж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50 хувиас илүүгүй байх хуулийг тавдугаар сард Монголын парламент баталсан билээ. Энэ хэрэг явдлын дараа Chalco-д үнэндээ санасандаа хүрэх боломж байхгүй болсон юм. Chalco санаалаасаа татгалзсан нь Монголын хувьд зуун хувийн ялалт байлаа.

Монголын хамгийн том зөрчил нь хөршөөсөө өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого юм. Далайд гарцгүй энэ улс дэлхийд эхний 10-д орох коксжих нүүрсний нөөц бүхий ордыг агуулж байгаа айл бөгөөд ихэнх ордууд нь ашиглагдаж эхлээгүй байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн парламентын сонгуульд асар их хөрөнгө зарлагадсан Монголын улсын төсөв эдгээр ордыг эргэлтэд оруулахыг шаардаж байна. Хятад мэдээж үүнд туслахаас татгалзахгүй, тэртээ тэргүй Хятад Монголын уул уурхайн экспортын 80 хувийг худалдан авч байна. Баялгийнх нь гол худалдан авагч саналаасаа татгалзсан нь Монголын хувьд тийм ч сэтгэл баясгах зүйл биш.
 
Монголын байр суурь Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудыг эргэлзээтэй байдалд оруулж байна. Дэлхийн зах зээлийн эрэлт багассанаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байгаа нь уурхайчдад хүнд тусч байгаа. Дэлхийн уул уурхайн томчууд болох BHP Billiton болон Rio Tinto компанийн хувьцааны үнийн уналт энэ жилийн байдлаар 3-аас 13 хувьд хүрээд байна. Гадаад дахь нөхцөл байдал ийм байхад Монгол дахь ирээдүйн төлөв тодорхойгүй байгаа нь Монголд ажиллаж байгаа уул уурхайн компаниудын хувьцааны үнэд ч шууд нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар SouthGobi-ийн хувьцааны үнэ 60 хувиар унаад байна. Chalco-гийн  онилоод байгаа Winsway-н үнэ ч мөн адил уналаа. Монголын Овоотын нүүрсний ордыг ашиглахаар төлөвлөж буй Австралийн Aspire Mining хувьцааныхаа дөрөвний гурвыг алдаад байна.

Коксжих нүүрсний гол хэрэглэгч болсон Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь коксжих нүүрсний бизнес эрхэлж буй компаниудын хувьд хүнд цохилт юм. Гэсэн хэдий ч Хятад коксжих нүүрсний гол импортлогч төдийгүй энэ салбарын гол хөрөнгө оруулагч хэвээр байх болно. Монгол Улс үүнийг мартаж болохгүй.

“Financial Times”
2012 оны есдүгээр сарын 5

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top