Элсний карьер, давсны ордод ч хууль үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Эл төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн үеэс УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж төсөл дээр ажиллаад стратегийн ач холбогдол бүхий салбарт ямар аж ахуй нэгжийг хамааруулах вэ гэдгийг ярилцаж байгаад хүрээг нэлээд хумьсан байна.

Ингэснээр эрдэс баялаг уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарыг стратегийн ач холбогдол бүхий салбарт хамааруулахаар болжээ. Тодруулж хэлбэл, эрдэс баялаг уул уурхайн салбар энэ ангилалд хамаарснаар давсны орд, элсний карьерт гадаадын аж ахуйн нэгж хөрөнгө оруулах тохиолдолд хэрвээ хувь эзэмшил нь 41-ээс илүү гарах болбол Засгийн газарт хандаж асуудлыг тавина. Засгийн газар эл асуудлыг УИХ-д оруулж танилцуулан зөвшөөрөл авдаг байхаар зохицуулалт оруулж өгсөн аж. Ийм эрх зүйн зохицуулалтыг эрдэс баялаг уул уурхайн салбарт баримтлах цаг болсон гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр сайдын хувиар биш гишүүнийхээ хувиар асуудалд хандаж байр сууриа илэрхийлж байна гэдгээ тодотгосон юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top