Шинэ төмөр зам барих эрх Хятадуудын мэдэлд очих уу, эс очих уу

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04


МАН сонгуулиас өмнө их зүйлийг амжуулахаар амьсгаа өндөртэй яваад байх шиг. Хамтарсан  Засгийн үед УИХ-аар батлагдсан “Төмөр замын бодлого”, түүнийг нь хэрэгжүүлхээр ажиллаж байсан “Монголын төмөр зам” гэдэг төрийн өмчит компаниараа туг тахин байж “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэх тоглоомын компани байгуулж түүндээ шинэ төмөр зам бариулах асуудлаа хариуцуулна гээд л сүржигнээд байсны учир одоо тайлагдаж эхэлж байх шиг байна. УИХ-аас баталсан “Төмөр замын бодлого”-оор бол Таван толгой–Сайншанд–Хөөт–Чойбалсан чиглэлийн 1100 км замыг эхэлж бариад дараа нь Ухаа худаг–Гашуун Сухайт, Хөөт–Нөмрөг гэсэн чиглэлээр төмөр зам тавина гэсэн байдаг.

Харин засгийн газар маань сүүлийн үед дээрх бодлогоо хоёр хуваагаад Таван толгой–Сайншанд, Ухаа худаг–Гашуун сухайт гэсэн замаа түрүүлж барина гээд сэм шийдвэр гаргасан сурагтай. УИХ-аас хууль баталдаг тэр нь хэрэгжихдээ тэс ондоо хэрэгждэг гэдгийн сонгодог жишээнүүдийн нэг л дээ. УИХ-ын бодлогыг яг голоор нь хуваачихаж байгаа бололтой. Тэгээд нөгөө тал нь аль байна гэхээр “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинон дээр гардаг шиг юм болох нь. Бас нэг ноцтой гэхээр мэдээлэл байгаа нь сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадын төрийн мөнгийг эргэлдүүлдэг гэх нэр аваад буй “Энержи Ресурс” буюу MCS компани нь өөрийн Ухаа худаг дахь ордоос чанх урагш Гашуун сухайтын боомт хүртэлх төмөр замыг барихаар болов. “Энержи Ресурс”-ийнхэн төмөр замын ажлынхаа эхлэлийн ёслол төгөлдөр үйлдэж, тууз хайчлах арга хэмжээ зохион байгуулахаар хүртэл төлөвлөж, хамаг том албан тушаалтнуудад урилга заллага тарааж байгаа гэнэ.

Нөгөө хэсэг буюу  Таван толгойгоос Сайншанд хүртэлх төмөр замыг бараг 100 хувь Хятадын мэдэлд байдаг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн охин компани “Дорнын төмөр зам” ХХК-д (нэр нь хүртэл Дорнын луу гэж байгаа мэт) 20 жилийн хугацаатай концессын шууд гэрээгээр өгч байгаа бололтой. Эндээс харахад хамтарсан засгийн үед монголчууд төмөр замаа өөрсдөө барина гэж байсан бол МАН дангаараа эрх барьж буй засгийн үед бүгдийг Хятадуудад өгч байгаа шийдвэр гарсан сурагтай. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр зам баригдсанаар зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгууд шинэ төмөр замаар холбогдож хот суурин газрууд бий болох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдолтой гээд байсан нь байхгүй боллоо.

Хятадууд төмөр зам барьж түүнийгээ хятадууд эзэмших нь тодорхой болж байна. Хамтарсан Засгийн газрын үед батлагдсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг явуулахгүй байсан шалтгаан нь энэ байсан бололтой. Харин нөгөө “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэх компаний тухай сураг чимээ ч алга.

“Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал” гэх нэг баримт бичиг байдаг. Түүний “3.2.2. Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого” зүйлийн 3.2.2.2-т “... стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” буюу хөрөнгө оруулалтын хэмжээг гуравны нэгээс хэтрүүлэхгүй байлгах гэж заажээ. Харин бодит байдал дээр гуравны хоёр нь Хятад гэсэн тоотой болчихсон явж байдаг. Сонгуулийн хуулийн будлиан, Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн асуудал гэсэн бужигнаан дунд Сү.Батболдын МАН-ын Засгийн газар сонгуулиас өмнө урд хөршийнхөнд хэт тал засч стратегийн чухал салбараа 100 хувь найр тавин өгч байгаа бололтой. УИХ-ын гишүүд нь  хөлөө жийлцэж, нэгнээ элдвээр нь хэлж дайрч давшилж байхад нөгөө хэсэг нь “ХЗДХ-ийн сайдыг унтаж байсан гэхээр огцруулах гэж байсан юм. Гэтэл сайд унтаагүй зүйрмэглэж байсан байна юм билээ. Тиймээс огцруулахаа больсон” ч гэх шиг хошин шогийн жүжиг тавьж, юун төмөр замтай манатай байна.  Ийм бужгинаан болж байхад орос ах нар юу бодож суугаа бол. Эх сурвалжийн мэдээлснээр манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд төмөр замын бүтээн байгуулалтад Орос улсын оролцоо ямар байгаа талаар албаны хүмүүсээс асууж сураглаж байгаа гэнэ. Урд хөршдөө анхаарал тавьж, хойд хөршөө мартсандаа засгийнхан сандралдаж эхэлсэн гэх.

Хамаг баялгаа хятадуудад найр тавин өгөөд оронд нь бензинийхээ крантыг хаалгаж сонгуулийн сурталчилгаандаа улстөрчид маань явган нүцгэн гүйх вий дээ. Морь унаж сонгуулийн сурталчилгаагаа хийж, онигоо болох л дутаж байх шив. Шатахуунаа авч чадахаа байчих юм бол үүнийх нь балгаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ард түмний нуруун дээр л хамаг ачаа нь буудаг явдал битгий давтагдаасай. Морь унасан УИХ гишүүний суудал горилогсод сонгогчиддоо хүнс тараах амлалт өгөх бараан цаг ирэх вий дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top