Оюутолгойг Рио Тинтод, Овоотолгойг Чалкод

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20



“Айвенхоу Майнз”-ын охин компани болох “Саусгоби сэндс”-тэй холбоотой шуугиан намжаагүй байхад Оюутолгой төслийг гүйцэтгэгч “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд албан тушаалаасаа огцорсон талаар өнгөрсөн лхагва гаригт “Reuters” агентлаг мэдээлэв. Ингэснээр Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эрх компанийн 51 хувийг эзэмшигч “Рио Тинто”-д шилжсэн байна.  Зургаан тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан учраас Р.Фрийдландыг гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” огцруулахаар шийдвэрлэсэн нь өөрийн компанийн багаас удирдлагыг тодруулах ашиг сонирхолтой холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Р.Фрийдланд дангаараа огцорсонгүй. Тэрбээр өөрийн багийн гишүүдийн хамт ажлаа өгөхөөр болжээ. Р.Фрийдланд нь”Айвенхоу”-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн байсан аж. “Айвенхоу”-гийн ТУЗ-өөс Р.Фрийдландтай хамт Эдуард Флад, Маркус Фабер, Дэвид Корбин,  Трэси  Стивенсон, Дэн Уэстбрук, хатагтай Ливиа Махлер нар чөлөөлөгдсөн байна. Мөн “Саусгоби Ресурс”-ийн захирал Жонн Макен ч үүрэгт ажлаасаа огцорчээ. Тэднийг огцруулсан даруйдаа эзгүйрсэн албан тушаалд “Рио Тинто” өөрийнхөө хүмүүсийн түр томилсон байна. Одоогоор “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд “Рио Тинто”-гийн санхүүгийн хэлтсийн дарга Кей Пристли түр томилогджээ. Ийнхүү “Рио Тинто”-гийн шууд оролцоотойгоор Оюутолгой төсөл хэрэгжих нь нэгэнтээ тодорхой болж байна. Албан тушаалаасаа огцорсон “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал асан Р.Фрийдланд “Айвенхоу Майнз”-ын удирдлагыг “Рио Тинто”-д шилжүүлэх ажил ирэх сард болно гэдгийг мэдэгджээ. Тэрбээр  гэрээний дагуу “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигчдийн эрх хэвээрээ байхыг онцолсон байна. Харин “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгой төслөөс “Айвенхоу Майнз”-д ашиг хүртээхдээ “Рио Тинто”-гоос томилсон зөвлөл энэ асуудлыг хариуцаж, хянах болно гэжээ.  “Рио Тинто” нь Англид төвтэй, Лондон болон Нью-Иорк, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэйгээс гадна Австрали, Хойд болон Өмнөд Америк, Ази, Африкт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийд тэргүүлэх уул уурхайн томоохон групп юм.  Тус групп өнөөдөр дэлхийн таван тивээс хөнгөн цагаан, зэс, алмааз, нүүрс, уран, алт, төмрийн хүдэр олборлож байна. Анхандаа “Айвенхоу”-гийн хувьцааны 49 хувийг “Рио Тинто” эзэмшдэг байсан. “Рио”-г үүнээс илүү хувийг эзэмшиж болохгүй талаар тус хоёр компанийн хооронд байгуулсан стратегийн хэлэлцээрт тусгасан  байж. Гэвч “Рио Тинто”  олон улсын хөрөнгийн зах зээлээс “Айвенхоу”-гийн хувьцааг худалдан авсаар л байсан юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн төслөөс ахиухан хувь хүртэх  гэсэн “Рио Тинто”-гийн сонирхлоос болж тэд сөргөлдөх болсон билээ. 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш “Айвенхоу”-гийн хувьцаанаас нэмж авч болох зөвшөөрлийг арбитрын шүүхээс “Рио Тинто”-д өгсөн бөгөөд өдгөө тус групп “Айвенхоу Майнз”-ын 51 хувийг эзэмшсэнээр  удирдлагын эрхийг гартаа авах боломжтой болсон байна.

Санхүүгийн шинэ гэрээний дагуу “Рио Тинто” Оюутолгой төсөлд 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1.5 сая ам.долларын түр хугацааны санхүүгийн гүүр байгуулж, Монголд дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. “Айвенхоу Майнз”-ын менежментийн өөрчлөлт, Оюутолгой төслийн санхүүжилтын шинэ гэрээний тухай мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр найман хувиар өсч, 12.61 ам.доллар болсон байна. Тэгвэл  Монголд багагүй дуулиан дэгдээгээд байгаа “Айвенхоу Майнз”-ын охин компани “Саусгоби сэндс”-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр 13,3 хувиар, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 12,4 хувиар буурчээ. Үүнийг ажиглагчид “Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас түдгэлзүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Өмнөговийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойд олборлолт явуулж буй  “Саусгоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 57 хувийг Хятадын төрийн өмчит компани болох “Чалко”-д 889 сая ам.доллараар зарахаар гэрээ хэлэлцээр байгуулах болсонтой холбоотойгоор УИХ, Засгийн газар ямар нэгэн шийдвэр гартал Монгол Улсын Ашигт малтмалын газраас тус компанийн нэр дээрх бүх тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

 “Саусгоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын охин компани бөгөөд хяналтын хувьцааныхаа 57 хувийг зарсан тохиолдолд Оюутолгой төслийн дараагийн  шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг  бүрдүүлэх боломжтой болж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тус компанийн удирдлагыг “Рио Тинто” гартаа авснаар дээрх яриа хэлэлцээр ямар төвшинд үргэлжлэх нь тодорхойгүй боллоо.  Гэхдээ “Рио Тинто”  нь Хятадын төрийн өмчит “Чалко”-гийн толгой компани “Чайналко”-той түнш бөгөөд урьд нь Оюутолгойд Хятадын компаниудыг оруулах тухай тохиролцож байсан гэх яриа байдаг.

 Харин монголчуудын хувьд Хятадын төрийн өмчит компани давуу эрхтэйгээр Монголын нүүрсний салбарт олборлолт явуулсан тохиолдолд хоёр орны Засгийн газрын хооронд асуудал үүсч магадгүй хэмээн болгоомжилж буй. Харин “Саусгоби сэндс” компани  Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан албан ёсны шийдвэр ирээгүй учраас одоогоор үйл ажилагаагаа хэвийн явуулж байгаа аж. Тус компани “Хувьцааг худалдах асуудал Канадад явагдаж байгаа учраас  одоо хүчин төгөлдөр мөгдөгдөж хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн нь бий. Дээрх шуугиантай давхцаад өнгөрсөн лхагва гаригт  УИХ-ын Тамгын газраас “Айвенхоу Майнзтай” байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ Монголд  ямар ч ашиггүй гэсэн мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл,  Оюутолгой төслөөс жилд 200 сая ам.долларын ашиг хүртэхээр тооцсон ч 3,7 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өр гээд 63 жилийн турш улсын төсөв дарамттай байна гэсэн судалгааныхаа дүнг олон нийтэд танилцуулаад байгаа юм.

Энэ мэтээр сүүлийн  үед хэвлэлээр дуулиан тариад буй  “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал  Р.Фрийдланд Оюутолгойг “РиоТинто”-д, Овоотолгойг “Чалко”-д өгөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихээд Монголоос бүр мөсөн холдох бололтой.

Ж.ЭРХЭС
 Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top