“Mining Mongolia-90” нээлттэй чуулганд төрийн өндөрлөгүүд оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10

            Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг ирэх сарын 9, 10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ удаагийн чуулга уулзалт цар хүрээ, утга агуулга, ач холбогдлынхоо хувьд ч ихээхэн өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид хүлээж байна.

Чуулганы нээлтэд салбарын сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүд оролцож мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлоход гар бие оролцож явсан үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, салбарын хөгжлийн жолоог атгалцаж яваа төрийн байгууллагын удирдлагууд төдийгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид зэрэг бүхий л төлөөлөл хуран чуулах юм. Энэ үеэр уул уурхайн салбарын өнөөгийн байдлаа хэлэлцэж, хэтийн төлөвөө тодорхойлон, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын өмнө тулгамдаж буй бэрхшээлүүдийг хэлэлцэж, зөвлөмж гаргахыг зорьж байгаа аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top