Оюутолгойн ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барихаар шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 19

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Оюутолгой ордыг түшиглэн цогцолбор хотхон байгуулах газрын байршлыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Үүнтэй холбогдуулан ордыг түшиглэн 3000 айлын орон сууц бүхий цогцолбор хотхон байгуулахыг дэмжиж, бүтээн байгуулалтын ажлын явцыг тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.

Засгийн газраас баримталж байгаа бодлогын дагуу “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчид болох “Айвенхоу Майнз” ХХК, “Рио Тинто групп”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК хамтран хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.  

Хотхон  ашиглалтад орсноор 12000 хүн шинээр амьдран суурьших боломж бүрдэх юм байна. Түүнчлэн уурхайтай холбогдох зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, соёл урлаг болон амралтын цогцолбор хүрээлэн, худалдааны төвийг ч барихаар төлөвлөжээ.    

Оюутолгой төсөлд ажиллаж байгаа иргэд цэргийн алба хааж байгаа мэт амьдрах биш, бүх орчин  нөхцөлөөр хангагдсан орчинд амьдарч, ажиллах бололцоо ийн тавигдаж, орчин үеийн хоёр дахь “Эрдэнэт“-ийн шанг өмнийн говьд  тавих  нөхцөлийг Засгийн газар бүрдүүллээ.

Оюутолгой ордыг нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэд болон төсөлд ажиллаж байгаа нийт ажиллагсдын хувьд таатай нөхцөлд ажиллаж, амьдрах бололцоог хангасан маш чухал шийдвэр боллоо хэмээн Засгийн газрын гишүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top