Эдийн засгийн аллага ба Оюутолгой дахь луйвар

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

    Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй хийгдсэн тухай олон сар үргэлжилсэн яриа дуусаагүй л байна. Айвенхоу Майнз компани зальжин аргаар манай хэдэн улс төрчдийн толгойг эргүүлсэн  хэвээрээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын толгойн эргүү хэзээ гарч илааршихыг бүү мэд. Ашиггүй гэрээнд бухимдсан иргэд түүнийг Монголынх биш, Канадын сайд хэмээн өргөмжлөх боллоо. Канад эздийн атганд орсон сайдыг ийнхүү баалах нь зүйн хэрэг биз. Бухимдлын туйлд тулсан зарим нь “Эх орноосоо урвагч” гэж дуугаа өндөрсгөж байна. Ер нь үзэл санааныхаа төлөө эх орноосоо урвасан хүн дэлхийн түүхэнд тун цөөн гарсан гэдэг. Гагцхүү их хэмжээний мөнгөний төлөө л урвагчид төрдөг аж. Орост ийм жишээ олон тохиолджээ. Гэхдээ Д.Зоригтын хувьд арай ч үгүй байлгүй дээ гээд өмөөрөх гэтэл үнэхээр үнэмшил төрөхүйц мэдээллүүд ирсээр байх юм. Мань хүн хэд хэдэн телевизэд олон сая төгрөг өгч “Оюутолгойн талаар муу үг бүү нэвтрүүл” гэжээ. Канад эздийнхээ төлөө тэр мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авсан байна. Өөрийнх нь улс төрийн суудал ганхах аюул нүүрлээд ирэхээр ингэхээс аргагүйд хүрсэн бололтой. Ийм үйлдэл хийсэн хүнийг урвагч гэх үү, эсвэл авлигач гэх үү. Аль нь ч байсан сайд маань Оюутолгойн хуудуутай ажлуудын талаар иргэдээсээ тас нуухыг хичээсэн байна. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр Айвенхоугийнх нь болчимгүй үйлдлүүд нийтэд ил тод болжээ. Уурхайн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд нь үйлдвэрлэлтийн явцад гарсан хог хаягдлыг хаях зориулалттай D гэдэг шинэ талбай гараад ирлээ. Энэ нь хэмжээгээрээ одоо ашиглаж байгаа А талбайгаас нь дутахгүй том талбай юм байна. Энд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэнгүй. Уурхайн хаягдлаас хүн, малд учруулах аюул маш их байх нь тодорхой. Тэнд хэдэн үеэрээ суурьшсан малчин айл өрхүүд өөр нутаг бараадах болж байна. Мал, хүн аль аль нь шинэ нутагт идээшиж дасах гэдэг хэцүү. Нүүхгүй гэсэн айлуудын худгийг хаана гэж уурхайн захиргаа сүрдүүлсээр нэг юм санасандаа хүрэв бололтой. Түрүүчээс нь нүүлгэж амжив. Мал аж ахуйгаасаа амьдралаа залгуулдаг хөдөөгийнхөн маань бөөн эрсдэлтэй учрах төлөвтэй боллоо. Малын үхэл хорогдол тэдэнд том эрсдэл. Амьдралгүй боллоо л гэсэн үг. Тэгэхээр малчдын хувьд мал аж ахуй нь бизнес мөнөөс мөн. Айвенхоуд ч уурхай нь бизнес. Энэ хоёр төрлийн бизнесээс малчных нь болохоор хэнд ч хэрэггүй гэсэн мэт Айвенхоугийнхан тэдний эрсдлийн үнэлгээг ч хийсэнгүй. Зөвхөн өвөлжөө, хаваржааны хашаа зэргийг нүүлгэх, барьж босгох төдийхнөөр малчдын амыг таглаж байна. Нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж суурьшуулах талаар уурхайгаас баримтлах зарчим, бодлогоо боловсруулж дуусаагүй байгаа гэнэ. Нүүлгэн шилжүүлэлт нь аль хэдийнээ эхэлчихсэн атлаа малчдад учрах эрсдлийн талаар санаа зовнин асуудал хөндсөн “Оюутолгойн хяналт” зэрэг төрийн бус байгууллагынханд иймэрхүү тайлбар тавиад сууж байгаа нь тун хачирхалтай. Малчдын эзэмших, захиран зарцуулах эрх нь ч бүрхэг хэвээр байна. Газраа өмчилж аваагүй байсан малчдын хохь нь болоод дуусах уу. Газраа өмчилж авсан малчид түүнийгээ өөрсдөө мэдэж захиран зарцуулах эрхгүй гэж үү. Орон нутгийн засаг захиргаа малчдынхаа амьжиргааны нэг гол эх үүсвэр болсон газрыг эздэд нь мэдэгдэлгүй Айвенхоуд шууд шилжүүлж байгаа тухай гомдол ч гарч байна. Иймэрхүү олон асуудал ар араасаа хөвөрсөөр, малчдын эрх ашиг бүх талаар хөндөгдөх боллоо.

ХХI зууны шилдэг луйвар Оюутолгой
    Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ учир дутагдалтай болсон тухай зарим эх сурвалжууд хэлж байна. Үйл ажиллагааны зарчим стандартыг тогтоох үүрэгтэй байгууллага болох “ICMM”-ийн үнэлгээний зарчим энд алдагджээ. Тухайлбал, химийн нөлөөллийн үнэлгээ хийгдсэнгүй. Химийн хорт элементийн ялгарал, тархалт ихтэй энэ газарт цаашдаа монголчууд яажшуу амь зуух нь тодорхойгүй байсаар байх хэрэг үү. Эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг хэн нь хариуцах вэ? Монголын тал уу, Айвенхоу юу? Айвенхоугийн хувьд манайхныг бодвол муу ч гэсэн өөрсдийгөө хаацайлах “бамбай” барихыг оролджээ. Гэхдээ тэрхүү хамгаалалт нь хүмүүсийн инээдийг барж дуусах бололтой. Юу вэ гэхээр, өнгөрсөн оны 12-р сард ПАКТ-ын хамаарал бүхий 6 компанийн “Хөх  тэнгэр” нэртэй консорциум тун сонирхолтой танилцуулга хийсэн байна. ПАКТ нь төрийн бус байгууллагын далбаан дор уул уурхайн компанийн эрх ашгийн төлөө ажилладаг олон улсын байгууллага. Тэд эрүүл мэндийн эрсдлийг тогтоохдоо Өмнөговьчуудын дунд ДОХ өвчнийг хамгийн өндөр түвшинд авч үзжээ. Дараа нь амьсгалын замын өвчлөл, сүрьеэ, эцэст нь архинаас үүдэлтэй ослын хохирогчдыг оруулсан байна. Уг нь Өмнөговь аймгийн нутаг тэр чигээрээ тоосжилтын бүс болоод байгаа. Эндээс агаарт дэгдсэн тоосонцор салхинд туугдан явсаар Япон, Солонгосыг булж эхэлсэн. Хамгийн аймшигтай өвчлөл энэхүү тоосонцроос угшилтай сүрьеэ байх учиртай атал яахаараа ДОХ тэдний сэтгэлийг тэгтэл зовоогоод байдаг байнаа. Айвенхоуд ажиллаж байгаа хятадууд ДОХ тараагаад байгаа юм уу. Тэр ДОХ нь тэгээд үйлдвэрлэлийн тоосжилтоос үүссэн сүрьеэгээс илүү их тархалттай юм бол нэг ч хятад хүнийг Айвенхоу руу алхуулахгүй байх ёстой бус уу. Иймэрхүү үлгэр шиг юм ярьж хүмүүсийн тархийг угаах хэрэг юу байнаа. Архины тухайд гэвэл Айвенхоу нь Өмнөговьд архи дарсаар үйлчилдэг баар ажиллуулж байна. Баарны үйлчилгээгээр ажилчдынхаа цалинг эргүүлэн авдаг аргаа тэд ажлын байрны аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэйгээ хольж хутгаж булзаж буй нь хачирхалтай.


Оюутолгой бол Монгол дахь авлига луйврын сонгодог талбар
    Монгол ажилчдын цалин ч гэж юу байх билээ. Сардаа дөнгөж 200 мянга гаруйхан. Жишээ нь, Ханбогд сумаас ажилдаа явдаг хүмүүс өглөө автобусаар 6 цагт хөдөлж, орой 23 цагт гэртээ ирдэг. Тэгэхээр эдний ажлын дундаж цаг хэд байгааг ойлгож ядах юмгүй. Газрын гүнд 12 цагаар ажиллахдаа хоолоо авч ордог ч халаасан хоол буюу бургер нь хоол болохгүй, хор болж байна гэсэн шүүмж гарсаар удаж байна. Мөн 45 хоногоор ээлжлэн хуарангийн дэглэмд ажиллагсад олон. Тэд ихэвчлэн өнөөх баарны согтууруулах ундаагаар угжуулж донтох өвчтэй болж байна. Ар гэрээс ийнхүү хөндийрсөн ажилчдын дунд гэр бүл салалтын механик өсөлт талийж одох шинжтэй. Гэр бүл салах, хүүхдүүд асрамж, хараа хяналтгүй болох, цооногт хүн унаж нас барах, гэмтэх, хоолондоо хордох болон бусад осол эндэгдлийг баар ажиллуулж монголчуудыг согтууруулдаг эрхмүүд хариуцах л ёстой байх. Энэ мэтээр зориуд санаатай гэмээр хийгддэг хорлонтой ажлууд олон байна.


Оюутолгойг тойрсон луйврыг бүрэн илчилж шийдсэн цагт Монголд хууль жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлнэ
    Айвенхоу өөрийн албан ёсны мэдээллүүдээ манайхнаас ямагт  нуусаар ирлээ. Мэдээлсэн ч худал хуурмаг нь дэндсэн зүйл цацдаг болсон. Оюутолгойн ордын хуучин тогтоосон нөөцөөс дутахгүй их нөөц дахин илрүүлж тогтоосноо өнгөрсөн онд зарласан атлаа ашиг орлогын тооцоогоо яаж хийсэн нь нууц хэвээрээ байгаа юм. Уг нь ашиг тэр хэмжээгээр нэмэгдэх, монголчуудад оногдох хувь ч өсөх учиртай. Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллийг та www.ot.mn сайтад нь ороод үзээрэй. Томоохон тендер, худалдан авалт зэргийг нь иргэд хянах ямар ч боломжгүй, тэнд иймэрхүү гол мэдээллээ тавьдаггүй юм байна.


“Оюутолгойн авлига ба луйвар” ном удахгүй хэвлэгдэн гарна
    Өмнөговьд усны нөөц тун бага. Ер нь усны асуудал манай улсын хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын тэргүүн зэрэгт тавигдаад байгаа. Гэтэл Оюутолгойд Монголын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилладаг Д.Батбаатар мэтийн хүмүүс канадчуудад морь нохой мэт үнэнчээр зүтгэн хууль бус, хүн чанаргүй аашилсаар байна. Хоногт 50 мянган тонн ус татах гүний хоолой тавих гэж байгаа талбайн нэг хэсэг нь Монголын компаниудын лицензтэй байлаа. Гайхалтай нь одоо Ханбогдын харьяанд байгаа уг талбайг Айвенхоугийн эзэд Д.Батбаатар мэтийн долдой нарыг ашиглан өөрийн эзэмшил болгож амжсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын талын мэдэлд үлдээд байсан тэрхүү усны хоолой татах талбайн хэсгийг Айвенхоу хууль бусаар эзэмшжээ. Ханбогдын иргэдийн нийтийн хурал энэ газраа тэдэнд өгөхгүй гэсэн шийдвэр гаргасны маргааш нь Д.Батбаатар хурлын тэргүүлэгч гэсэн цөөн хэдэн хүнийг дарамтлан хүчээр шахуу хуралдуулж газрыг нь канадуудад өгүүлээд байна. Айвенхоу ч усны хоолой татах газраа ухаж, гэрлийн шонгоо босгожээ. Гэрлийн энэ шугамын хажууханд 9 км зайд торойж хоцорсон Ханбогдчууд байнгын цахилгаан хангамжгүй хэвээрээ үлдэх бололтой.


Дэлхийн мафиудын хөлд гишгэгдсэн Оюутолгойг зөвхөн шударга монголчууд л авч үлдэнэ
Өнөөдөр олон улсын санхүүгийн хөгжлийн байгууллагууд “хөрөнгө оруулалтыг дэмжих орчин” байгуулах нэрээр буурай хөгжилтэй орнуудад зээл шахаж байна. Үүнийхээ далимд тухайн орныхоо эрх зүйн орчинд нөлөөгөө тогтоож байгаа аж. Ийм аргыг “Эдийн засгийн аллага” хийх боломж гэж үздэг судлаачид цөөнгүй. Үнэн бололтой. Азийн сан, Дэлхийн банк, НҮБ зэрэг нь Монголыг улс гүрэн дамнасан луйврын сүлжээнд татан оруулж, нөлөөллөө бэхжүүлсээр байгаа ажээ. Төрийн бараа үйлчилгээний худалдан авалтын тухай тендерийн гэх хууль үүний нэг тод жишээ болж байна. Энэ хуулиар бид зөвхөн 50 болон түүнээс дээш хувийг эзэмшсэн байвал тендерт хяналт тавих эрхтэй болдог байна. Оюутолгойн 34 хувь бидний хувьд тэгвэл хяналтын эрхгүй болгож байгаа юм. Ер нь олон улс төрчид, том намын лидерүүд Оюутолгойг монголчуудад ашиггүй болгосон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг үхэн хатан өмөөрөөд хир халдаахгүй байгаагийн нэг нууц нь иймэрхүү “аллагын” ажилд хамтран зүтгэсэнд байгаа болов уу.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top