ТӨХ-ны дарга Д.Сугар: ”Эрдэнэс МГЛ” бол стратегийн бүх ордын активыг нэгтгэсэн хүчирхэг компани болно

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эгзэгтэй цаг үед энэ асуудлыг “зангидаж” байгаа албан тушаалтны яриа, мэдэгдэл ард иргэд амин чухал байна. “Үндэсний мэдээ” сонин Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугарыг редакцидаа урьж дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлыг хэдэн жил хашчихав аа?

-Өө, удаж байна. 6-7 жил боллоо. Зарим хүмүүс уйдаж одоо зайлаасай гэж бодож байгаа. Тэрнийг ч би ойлгодог. Хүн шинэ газар ирээд эрч хүч, санал санаачлагаа хэрэгжүүлж эхэлдэг, тодорхой хугацааны дараа тэр нь шавхагдах, өөрөө өөрийгөө давтах аюул бий.

-Хоёр толгойн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа энэ цаг үед ТӨХ-г толгойлж байгаагийн хувьд та ёстой “од” болж байх шиг байна. Заримдаа халшрах үе гарах уу?

-Од оо ч хат. Ажилдаа түүртэж, завгүй хүн л байна. Тэгээд ч од болохыг мөрөөдөж хөөрдөг нас биш. Ер нь бол хариуцлагатай үе л дээ. Манай үеийнхэн ажлаас нэг их халшраад байдаггүй юм.

-Таныг маш их эрх мэдэлтэй хүн гэж ард түмэн ойлгож байгаа. Тэгэж ч харагдаж байна. Та яг ямар эрх үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтан юм бэ?

-Харин тэгж харагдаад байгаа бололтой. Хуулиар бол өмчийн харилцаанд төрийг төлөөлөн оролцох өргөн эрх байгаа нь үнэн. Гэхдээ л Засгийн газрын боловсруулсан бодлогыг хэрэгжүүлж, зохион байгуулах үүрэгтэй жирийн л нэг агентлаг шүү дээ. Тиймээс ганцаараа мэдээд л бүх юмыг шийдээд байдаг хүн биш. Улс төрийн бодлогыг мэргэжлийн төвшинд зохион байгуулж, үр дүнгийг нь тайлагнах үүрэгтэй жирийн л төрийн албан хаагч гэж ойлгож болно.

-Бидний яриа ерөнхийдөө Тавантолгой, Оюутолгой руугаа чиглэсэн нь зөв байх. Энэ хоёр толгойг тойрсон олон тендер, янз бүрийн мэдээлэлд дунд 2.7 сая толгой бүрэн эргэчихээд байх шиг байна. Танд тэгж бодогдох үе гардаг уу?

-Таван толгой, Оюу толгой чухал сэдэв мөн боловч ганцхан гол асуудал биш л дээ. Толгой эргэмээр юм байж болохгүй, би чадлаараа тайлбарлахыг оролдъё. Юуны өмнө, дэлхийд их эрэлттэй байгаа коксжих болох эрчим хүчний нүүрстэй Таван толгой гэж нэг л том үүц байгаа юм. Төр үүнийгээ ашиглахын тулд, дэлхийн орчин үеийн жишгийг дагаад л хувьцаа гаргахаар боллоо. 15 тэрбум ширхэг. Үүнийхээ 10 хувь буюу 1.5 тэрбумыг нь иргэддээ зүгээр тараагаад өглөө. Бас нэг 10 хувийг нь компанид нэрлэсэн үнээр нь, өөрөөр хэлбэл, хямдаар өгөх үү, яахав гээд ярьж байна. 29 хувийг нь олон улсын болон Монголын хөрөнгийн бирж дээр үнэ хаялцуулаад зарна, үлдсэн 51 хувь нь Засгийн газрын мэдэлд байна. 29 хувийг үнэ хүргэж зарсан мөнгөнөөс хүмүүст зүгээр өгсөн 1.5 хувьцааны үнийг нөхөөд үлдсэнийг нь уурхай, дэд бүтэц барих хөрөнгө оруулалт хийнэ. Энэ мөнгөний хэмжээ 3-5 тэрбум долларт хүрнэ гэж тооцоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өөрийн нөөцийн 49 хүртэлх хувийг хувьцаагаар дамжуулан хувьчлаад 51 хувиа өөрийн өмчлөлд байлгана гэсэн үг.

Гэтэл манайх дөнгөж 70 ам.доллар байгаа нь шударга бус гэх шүүмжлэл бий. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх хандлага бол байсаар л байна, тэгэхээр энэ шүүмжлэл улам л лавшрах байх даа?

-Япон, Солонгосын зах зээл дээр Австралийн нүүрс 200 доллар давж байгаа нь үнэн. Хятад бас тэр багцаа биз дээ. Гэхдээ тэр чинь угаагаад, боловсруулчихсан нүүрс. Манайх ч үүнд хүрнэ. Нүүрс чинь газар дээрээ олон үе давхаргатай байдаг. Үүний өнгөн давхарга буюу IV үе нь чанар муутай, ийм нүүрсээ “Энержи Ресурс” ч, орон нутгийн Таван толгой ч энэ орчим үнээр борлуулж байгаа гэж надад тайлбарласан.

Нэгдүгээрт, дараагийн үе рүүгээ орохоор нүүрсний чанар сайжраад үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван Толгой”, “Чалко” авсан урьдчилгаандаа оруулан төлөх нэг сая тонн нүүрсээ өгчихөөд үнийг нь дэлхийн зах зээлийн зарчимд шилжихээр тохиролцсон юм билээ.

-Бид Оюу толгой, Таван толгой гэж ярьсаар байтал Сүбаатар аймаг дахь Төмөртэйн овооны цайрын баяжмалыг Хятадууд бас л хямд үнээр зөөж дуусах нь бололтой. “Цайрт Менирал” нь энэ ордыг 100 хувь эзэмшиж байгаа. Стартегийн ордоо бид ингэж ашиглуулахгүй байх боломж алга уу?

-Цэвэр хувийн компани учраас дотоод асуудлыг нь бид мэдэхгүй. Харин стратегийн ордын жагсаалтад орсон орд учраас 34-51 хувиа төрд шилжүүлэх ёстой. Энэ хэлэлцээр удахгүй эхэлнэ. Санал оччихсон байгаа.

-Мөн Хөшөөтийн ордыг Хятадын компани заавал 100 хувь эзэмших ёстой юм уу? Энд сайд асан У.Барсболдын нөлөө их байгаа гэдэг. Тэр үнэн үү?

-Хөшөөтийн орд стратегийн жагсаалтад орох уу, үгүй юу гэдэг л төрийн мэргэжлийн байгууллагын асуудал. Үүнтэй холбоотой судалгаа явж байгаа байх. Бусдыг нь би мэдэхгүй, мэдэх ч үүрэггүй.

-“Айвенхоу майнз” компани Таван толгойн нүүрсний орд руу ямар нэгэн байдлаар орж байгаа юу?

-Одоогоор ямар ч холбоогүй. Ирээдүйд манай хувьцаанаас авах боломж хэн бүхэнд нээлттэй.

-Асгатын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс МГЛ”-д өгөх гэж байгаа гэсэн. Үнэн үү? Ингэснээр Оросуудтай энэ ордыг хамтран ашиглах боломжтой болох уу?

-Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах гэрээг Оросын “Полиметал” компанитай 2008 онд байгуулсныг тухайн үеийн Засгийн газар хүчингүй болгосон юм. Ордын лицензийг “Монгол Орос Цветмет” ХХК эзэмшдэгээс орд нь 51:49-өөр хуваагдана гэсэн үг. Тиймээс 51 хувь нь төрд, 49 хувийг хувааж эзэмшин хөрөнгө оруулалт хийх сонирхогч олдохгүй байна. Тиймээс ордыг стратегийн жагсаалтаас гаргах, эсвэл “Монгол Орос Цветмет”-ээс авч “Эрдэнэс MGL”-д өгөх санал боловсруулсан. Ингэвэл хөрөнгө оруулах нөхцөл сайжрах юм. Тал талаас нь хэлэлцэж байгаад тодорхой шийдвэр гарах байх.

-Ураны ордыг ашиглах талаар бас л маргаан үүссэн. “Хан ресурс”-ийнхэн Олон улсын арбитрын шүүх дээр асуудал тавиад байгаа. “Дорнод Уран”-тай заргалдаж буй тус компани ер нь ямар буруутай юм бэ? Энд Оросууд манайхантай хоршиж том лобби хийсэн, лицензийг нь булаагаад авчихсан гэх яриа аль зэрэг үнэний хувьтай вэ?

-Ашигт малтмалын лицензүүдийг цэгцлэх ажлын хүрээнд Цөмийн энергийн газраас тодорхой зөрчил гаргасан гэж үзэж лицензийг нь хураасан юм. “Хан Ресурс”-ийнхэн үүнийг маргаж, олон улсын шүүхэд хандсан юм билээ. Нарийн учрыг Цөмийн энергийн газраас тодруулах нь дээр л дээ.

-Одоо Монголд ашиглаж буй ураны орд газар хэд байна вэ? Үүнээс хэд нь төрийн өмчийн хорооны шийдвэртэйгээр эргэлтэнд орох вэ?

-Ашиглах гэж байгаа, энэ талаар хэлэлцээр хийж байгаа орд 2-3 байна. Яг ашиглаад эхэлчихсэн нь одоохондоо алга.

-Цөмийн хаягдлын талаар албан бус яриа хэлэлцээр хийгдсэн нь тодорхой болсон. Үүнд Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн оролцоо байгаа юу?

-Оролцоо байхгүй дээ.

-Нүүрснээс шингэн түлш боловсруулах технологи дээр Япончууд яаж оролцохоор болов. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байхгүй байсан санагдана. Нүүрснээс гарган авах өөр бусад бүтээгдэхүүний талаар төлөвлөгдөж байгаа зүйл бий юу?

-Нүүрснээс шингэн түлш гаргах бол манай хувьд ёстой нөгөө стратегийн асуудал л даа. Энэ талаар Япон, Солонгосын талд Таван толгойн гэрээний гол нөхцөл болгон тавьж байгаа. Бидний хүсэлтийн дагуу саналаа дахин боловсруулж байгаа гэсэн. Тэр нь гар дээр хараахан ирээгүй байна.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ихэнх нь өр зээл ихтэй гэсэн ойлголт нийгэмд тарлаа. Жишээ нь дөнгөж үүсэн Эрдэнэс МГЛ нь хүртэл өртэй гээд л яригдаад эхэлсэн. Эрдэнэтэд их хэмжээний ашиглах боломжгүй тоног төхөөрөмжийг шахсан гэсэн. Хэн, хэн ийм зүйл хийсэн юм бэ?

-Ихэнх нь өр зээлтэй гэж хэн хэлж байгаа юм бол доо. 2010 оны балансаас харахад орлого 36.9 хувиар, ашиг 9.4 дахин буюу 177.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2011 оны эхний хагас жилд бүх үзүүлэлт сайжран гарах төлөвтэй байх юм. Цэвэр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас шприц үйлдвэрлэдэг “Монсам” компаниас өөр асуудалтай ажиллаж байгаа газар байхгүй шүү дээ. Эрдэнэт ч орлогынхоо төлөвлөгөөг 112.5 хувиар биелүүлж, агуулахын үлдэгдлээ 40 хувиар бууруулсан байх юм.

Цэвэр менежментийн гавьяанаас гадна экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр валютын ханш манайд ашигтай байна.

-“Биокомбинат”-ын захирлыг томилох асуудал танаас болоод жил шахам сунжирсан хэмээн ажилчид нь суулт зарласан. Асуудал яаж шийдэгдэх вэ. Унгараас энд орж ирэх 25 сая ам.долларын хүүгүй зээлийг үр ашигтай ашиглах боломжийг удирдлагын зүгээс дутуу үнэлж байна гэсэн шүүмжлэл хэр зэрэг бодитой вэ?

-Ном журмын дагуу тендер зарлаад л томилсон. Үүнийг хэсэг хүмүүс зөвшөөрөхгүй маргаж шүүхэд хандсан байна. Шүүхээс ямар шийдвэр гарах юм, бид биелүүлж л таарна. Асуудлын явцыг Төрийн өмчийн хороо есдүгээр сарын 8-ны хурлаараа хэлэлцээд, улсын онцгой объект Биокомбинатын ажлыг зогсоож болохгүй, хууль бус “суулт” гээчээ зогсоохыг шаардсан шийдвэр гарсан юм. Гэвч би үүнийг заачихаад л суугаад байх бодолгүй байна. Өнөөдрөөс эхлэн ТӨХ, ХХАХҮЯ, мэргэжлийн байгууллага оролцсон шалгалтын хэсэг гарлаа, хамт олонтой, хүн нэгбүрчлэн уулзаж, шинээр томилогдсон хүнийг хамт олон нь хүлээж авах боломж байгаа эсэхийг тогтооно. Эсвэл зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хэсэг бүлэг хүмүүс сонирхол, нутаг усаараа нэгдэж, хөрөнгө мөнгө завшиж гадны салхи оруулах дургүй болсон эсэх нь тодорхой болно. Үүнийг үндэслэн шийдвэр гарна.

-Та 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Одоогоор тийм төлөвлөгөө огт алга.

-Ер нь танд улс төрийг орхих бодол байдаг уу?

-Орхичихсон байгаа юм биш үү? Би чинь улс төрч биш, төрийн мэргэжлийн албан хаагч шүү дээ.

-Монгол ардын нам ирэх жилийн сонгуульд яаж оролцох бол. МАХН туурга тусгаар нам болсноор ялах магадлал маш бага болсон гэж үзэгсэд олон байна. Таны бодол?

-Би төрийн албан хаагч, улс төрийн прогноз хийх ёсгүй.

-Ярилцлагын төгсгөх боломжийг танд үлдээе. Иргэддээ хандаж хэлэх үг байна уу?

-Айхтар ноцтой асуудал хөндөж, дэлгэрэнгүй хариулах зав муу байна. Монгол Улс хөгжих бодитой нөхцөл бүрдчихээд байдаг. Харин хий хардлага, улс төрийн хийрхэл дэвэрч, хүрсэн, бүтээсэн бүхнээ нураачих гээд байгаа нь л санаа зовоож байна. Уул нь улс төрч нь улс төрөө, албан хаагч нь хариуцсан албаа, сэтгүүлч нь мэдээллээ цуглуулж боловсруулаад л явж байвал. Гэтэл урдах ажлаа хаячихаад л бүгдээрээ улс төрч болох бололтой юмаа. Тэгэхдээ зам зуурын иймэрхүү үзэгдэл арилж, Монгол Улс хөгжлийнхөө цагаан замд шуударна биз ээ.

Эх сурвалж: "Үндэсний мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top