С.Баярын Оюу толгойн гэрээнд хийсэн алдааг Сү.Батболдоор засуулна гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29


 

Оюу толгойн гэрээ хууль бус, иргэдэд ашиггүй  болсон талаар олон сарын турш эрдэмтэд, улс төрчид, иргэний байгууллагууд шүүмжлэн ярьсаар байгаа билээ.  Энэ талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тамнхимаас дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтэнд “Оюу толгойн гэрээ Монгол улсын хэд хэдэн хууль зөрчиж хийгдсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолын үндсэн агуулгыг зөрчсөн” гэсэн байв. Тиймээс ойрын өдрүүдэд УИХ-ын хэсэг гишүүд Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах үүргийг Ерөнхий сайд Сү.Батболдод хаяглан илгээх гэж байгаа гэнэ. Тэдгээр гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын зэрэг 19 хүн оржээ. УИХ-ын тухай хуулиар бол гишүүдийн тоо 19-д хүрвэл асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн үндэс бүрддэг тул тэд ийнхүү 19-үүлээ нэгдэн Ерөнхий сайд Сү.Батболд даалгасан бичгээ үйлдэн, гарын үсгээ зурж  бэлэн болгоод байгаа юм байна. С.Баярын Засгийн газрын үед хийсэн алдааг Сү.Батболдын гараар засуулахаар МАН-ын бүлгийн гишүүдээс бас тэдэн дээр нэмэгдэж УИХ-ын намрын чуулганы  өмнө Засгийн газарт тийнхүү шахалт үзүүлэх бололтой.

 

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top