Титэм үгийн “эзэн” Н.Багабанди “зүгээр”-ийг хийгээд сард 40 мянган ам.долларын цалин авч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 24


 

Ойрын 50 жилд дэлхий дахинд эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол нүүрлэнэ гэсэн судалгааны дүн гарчээ. Олон улсын нэр хүндтэй эрдэмтэд ингэж тооцсон байна. Монгол орон эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй. Энэ  баялаг руу дэлхийн нөлөө бүхий улс орнууд нүдээ унагах шахам ширтсээр түрүүчээс нь ороод ирлээ. Оюу толгой, Таван толгойн орд эдийн засгийн  эргэлтэнд орж эхлэв. Хэдийгээр дутуу дулимаг, алдаа оноотой ч эдгээр ордоос монголчууд их зүйлийг хүсэн хүлээж байлаа. Хууль бусаар хийсэн зүйл ч энд их бий. Энэ нь олон учир шалтгаантай. Америк, Канад, Англи, Австрали, Япон, Орос зэрэг том гүрнүүдийн  далд ашиг сонирхол манай эрх мэдэлтнүүдийн хэтэрхий амин хувийн ашиг хөөсөн сэдэлтэй сүлэлдэн  баялаг маань буруу замаар урсах боломжийг нээж байгаа нь нууц зүйл биш. Зарим шударга судлаачид үүнийг худалдагдсан эрх чөлөө, хуйвалдаан, эдийн засгийн аллага гэх мэтээр нэрлэж байна. Аль нь ч байсан ялгаагүй бид алдаж байх шиг байна. Гадаадын гэхээсээ илүү дотоодын “дайсан”-уудад идүүлж байна гэвэл үнэнд илүү ойртох биз. Бяцхан жишээ татаад үзье.

            Оюу толгойн гэрээ Монголд тун ашиг багатай хийгдэхэд нөлөөлсөн хүмүүсийн зарим нь төрд томоохон алба хашиж явсан эрхмүүд байна. Тэдгээрээс энд тоочвол сонирхолтой зүй тогтол аяндаа харагдана. Ерөнхийлөгч асан Н.Багабанди хааяа телезизээр титэм үг хэлээд гэртээ зүгээр сууж байдаг “тэнэг” толгой биш ажээ. Чимээгүйхэн “алт” шүүрдэг “шидэт” саваа атгасан нэгэн бололтой. Тэрбээр Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж амжсан. Оюу толгойгоос сард 40 мянган ам.доллар авдаг. Монгол мөнгөөр бол 50 гаруй сая төгрөг түүнд ийнхүү сул ороод ирнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн ажил гэж түүний хувьд өдөр тутам цагаа бүртгүүлээд, цаас шагайх юм уу, тоос шороотой хутгалдаад гүйж явдаг юм байхгүй. Түүний адил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх П.Цагаан бас Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нэмэгдэл цалин авч байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн цалин дээр нь Оюу толгойнх нэмэгдээд нийтдээ 70 гаруй сая төгрөгийн цалин авч байгаа ажээ.

            Бороо гоулд гэдэг компанийг мэдэхгүй муур, нохой, үхэр ч бараг байхгүй болсон байх. Монголын 40 тонн алт эндээс алга болчихсон шүү дээ. Тус компанид Тагнуулын ерөнхий газрын дарга асан Сандаг Засгийн газартай харилцах хэлтсийн даргын алба хашдаг юм байна. Түүний цалин 36 мянган ам.доллар буюу 40 гаруй сая төгрөг. Мөн “Бороо гоулд”-д татварын асуудал хариуцсан ажилтан нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан Ганхүлэг ажээ. Түүнийг “Бороо гоулд”-д том хувь нэмэр оруулсан хүн гэдэг. Юугаар гэж санана, та. “Бороо гоулд”-ыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж чаддаг байсан гэнэ. Тиймээс шагналд нь тэнд ажилд оржээ. Сарын цалин нь 30 мянган ам.доллар гэнэ.

            Иймэрхүү жагсаалт их урт. Энд зөвхөн томоохон төлөөлөгчдийг нь онцоллоо. Гадаадын компаниуд “хэрэгцээтэй” хүнээ ийм аргаар худалдан авдаг нь дэлхий нийтэд нэгэнт тогтсон хэв шинж буюу үндсэн загвар схем ажээ. Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлэх, ард түмнийхээ эрх ашигт ойртуулах талаар Н.Багабанди, П.Цагаан нар ямар нөлөө үзүүлэв.  Өөрсдөөс нь ингэж асуувал тэд юу гэж хариулах бол оо.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top