“Рио Тинто”, “Айвенхоу майнз”, Хятад “Луу”-гийн аль нь ч монголчуудын зусарч, авлигачийг дэндүү сайн мэддэг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20


 

Хятад “Луу” хүрхэрч байна. Энэ үг дэлхийн эдийн засаг, санхүү, бизнесийн аль ч салбарынханы ярьдаг ердийн үг болжээ. Хятадын эдийн засгийн тэлэлт дэлхийд ноёлох болж буй тул Америк, Англи, Орос, Франц, Японы эдийн засагчид болон уул уурхайн акулууд манай өмнөд хөрш рүү анхаарлаа хандуулж байна. Монголчууд Оюу толгойн ордоос их зүйлийг хүсэн хүлээж байлаа. Энд манайх 34 хувийг нь л эзэмшинэ. Харин Канадын “Айвенхоу майнз”, Англид төвтэй “Рио Тинто” хоёрын гараар Өмнийн говьд шинэ үйлдвэр, уурхай, хот босч байна. Өнгөрсөн онд “Рио Тинто” нь Оюу толгойн эзэмшлийн хувиа нэмж 46,5 болгосон. Энэ бол тэдний “Айвенхоу майнз” дахь эзэмшил гэсэн үг. Цаашдаа үүнийгээ 49 хувьд хүргэх боломжтой гэж байна. Тиймээс “Рио Тинто” нь Оюу толгойн төслийн удирдах зөвлөлийн 14 хүний бүрэлдэхүүнд дахиад нэг хүнээ нэмж долоо болгосон. Үндсэндээ Оюу толгойн үйлдвэрлэлийг энэ хоёр компани 50:50 хувийн бүрэлдэхүүнтэйгээр удирдан явуулж буй ажээ. Сүүлийн үед монголчуудын дунд эдний аль нь тэргүүлэх, удирдах үүрэг хүлээж байгаа юм бол хэмээн асуудал хөндөх боллоо. Тэгвэл аль нь вэ гэдгийг удирдах бүрэлдэхүүнийх нь тоон харьцаанаас харж бас болно. Тэгвэл тэд адилдаа л адил гэсэн зарчим баримтлах нь ойлгомжтой болж байна.

Мөн манайхан л болсон хойно Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Английн тусгай албаныхан баривчлан, шүүж, эцэст нь Герман руу шилжүүлсэн нь Монголын уул уурхай дахь эрх мэдлээ өргөжүүлэх, газрын доорхи баялгийг маань барьцаалах санаархал гэх ухааны юм ярьцгааж байна. Бүр “Рио Тинто”-гийн тагнуул Монголд ажиллаж байсан гэх утгатай зүйл ч сонин хэвлэлээр нэлээд бичигдлээ. Ер нь сонор сэрэмж гэдэг бол байнгын анхаарал, болгоомжлол юм л даа. Сэрэмжлэхийн буруу гэж огт байхгүй. Шанхай хотод “Рио Тинто”-гийн Оюу толгойн төслийн удирдлагуудын байр бий. Тэндэхийн менежерүүдээс авлигын болон тагнан туршсан хэрэгт хэд хэдэн хүн Хятадын талд сэжиглэгдэж, зарим нь баривчлагдсан гэсэн. Гадныхан л бол гадныхан. Бид харин гэнэн, тэнэг хэвээрээ яваа хүмүүс юм. Оюу толгойн гэрээг хийхдээ маш олон хуулийн заалтыг зөрчиж тэнэгтсэн. Гэхдээ энд Хятад, Англи, Канад баячуудын маш их авлига явагдаад өнгөрсөн нь тодорхой. Энэ гайг бид эдэлж  таарна. Эцсийн хожоог “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компаниас гадна бас Хятадын компаниуд хүртэхээр болж байгаа шүү дээ.

Сүүлийн үед “Рио Тинто” Хятадын төрийн өмчит “Чайналко” хоёр сүрхий түншилж байгаа сурагтай. “Чайналко” нь Оюу толгойн зэсийг ашиглах санаархалтайгаа нуухгүй байна. Цаашдаа “Рио Тинто” компанитай хамтран Монголын нүүрсний салбарт хүч үзэхээр болоод байгаа. Тэд Хятадад  нүүрс боловсруулах 5 үйлдвэр хамтран  байгуулахаар болсон. Харин хамтарсан үйлдвэрийн 51 хувь нь Хятадын төрийн өмчийн мэдлийнх байх юм. Цаашдаа дэлхийн хаана л нүүрсний томоохон орд байна, тийшээ хамтын хүчээр дайрахаар энэ хоёр компани ийнхүү ханцуй шамлав. Монгол ноёд харин тэдэнд зусардаж, тэнэгээ гайхуулахаас хэтэрсэнгүй.  

Тэгэхээр Оюутолгой төслөөр дамжуулан Монголд хүчээ харуулахаар зүтгэж буй “Рио Тинто”-той нийлсэн  “Чайналко” нүүрсний салбар луу ингэж хүчтэй орж байгаа нь   мэдээж өмнөд хөршийн төрийн бодлого юм. “Шиньхуа” ч бай, “Чайналко” ч бай  эрчим хүчний үндсэн эх үүсвэр болсон нүүрсний  төлөө  зүтгэж, эрчим  хүчний  түүхий эдийн өлсгөлөнгөө л дарахыг хүсч байна. Ер нь дэлхийн уул уурхайн компаниуд ойрын жилүүдэд нүүрсний  хайгуул, олборлолтондоо илүүтэй анхаарал хандуулна. “Рио Тинто”,  “Чайналко” хоёр хамтарсан үйлдвэрүүд байгуулахаас гадна,  ашигт малтмалын нөөцийн хайгуулын төслийг үзэглэсэн. Хамгийн гол нь “Рио Тинто”,  “Чайналко” хоёрын хамтарсан төсөл, гэрээ болгоны 51 хувийг буюу эрх мэдлийн дийлэнхийг “Чайналко” атгаж байгаа. Тиймээс Оюу толгойд энэ хоёр компаний нөлөө цаашдаа өсч магадгүй.

Монголчуудын хувьд хуульд нийцээгүй Оюу толгойн гэрээнийхээ заалтуудыг өөрчлөхөд анхаарал хандуулахаас гадна Өмнийн говьдоо сүндэрлэж буй их бүтээн байгуулалтын ажилд Хятад ажилчид хүч түрэн орж ирж буйг таслан зогсоож, монголчуудаа түлхүү ажиллуулах хэрэгтэй боллоо. Эс тэгвээс манайхан шинэ технологи эзэмших талаар “А”-ч үгүй хоцорно. Зөвхөн “Рио Тинто”-г бид хардах биш, Хятадуудаас илүү их болгоомжлох нь зөв болно. Цаана чинь “Луу” хүрхэрч биш дайрч эхлээд байна. Монголын эрх баригчид энэ дайралтын өмнө хормойгоо дэвсэн нахилзаж байгаа нь даанч ичгүүртэй. Таван толгойд  хэн ноёлж байна, Хятадууд. Нефть олборлолт, алт, зэс, нүүрс, цаашлаад бусад ховор металл руу хятадууд л хамгийн түрүүн довтолж, байр сууриа эзлээд авлаа.

Сүхбаатар аймагт Хятадын “Цайрт минерал” компани төмрийн хүдэр дээр ёстой ажиллах шиг болж байна. Уг нь тэндхийн Төмөртэйн орд нь стратегийн ордын жагсаалтанд орсон боловч Хятад “Луу” 100 хувийн хөрөнгө оруулалтаар эзэмшсээр байгаа нь дэндүү гайхалтай. Нэгэнт стратегийн орд газар гэсэн юм бол төр эзэмшилдээ авах л ёстой. Мөн Сэлэнгэ аймаг дахь төмрийн хүрдийн ордоос урагш нь зөөж буй төмрийн хүдэр хятадуудын шулааны бизнес болсоор байна. Энэ мэтээр “Луу”-гийн дайралтанд өртөөгүй нэг ч газар Монголд үгүй болов бололтой.    

Ер нь монголчууд 100 гаруй жилийн өмнө ганцхан Хятад улс руу малын гаралтай түүхий эдээ зөөж байсан бол одоо ч мөн зөвхөн тэдэнд өгч байгаа нь Оюу толгой, Таван толгойн будлиантай гэрээнээс ч бас дутахааргүй эмгэнэл юм уу даа. Хятад “Луу”-тай нийлсэн “Рио Тинто” Монголд улам хүчээ авах шинжтэй боллоо. Монголчуудын тэнэгийг дэндүү сайн мэддэг болсон тэдэнд бидэн шиг хямд хоол энэ дэлхийн хаанаас ч олдохгүй. Хятад “Луу”-нууд тэдэнд бэлэн хоол чинь Монгол гэдгийг нь сайтар зааж өгөөд, нүүрсийг маань маш хямдаар хамтран зөөсөөр байх биз ээ.  

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top