Авлигачдыг Америкийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг иргэний байгууллагууд сануулна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

 

 Монголд айлчилж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден хатуухан үг, хачирхалтай бөгөөд сонирхолтой мэдээллүүдийг сонсоод буцах бололтой. Түүнийг Монголын зарим иргэний байгууллагууд уриа лоозонтойгоор угтаж байна. Мөн Монголынхоо эрх баригчдын илт гажуудуулсан бодлого, үйл ажиллагааны талаарх матаасын үг бүхий мэдэгдлүүдтэйгээр түүнийг тосон авч буй ажээ. “Ногоон эвсэл”-ийнхэн “Монгол улсыг цөмийн хог хаягдлын цэг болгох ёсгүй” гэсэн лоозон барьсан бол Ц.Шинэбаяр гишүүний удирдсан “Хамуг Монгол эвсэл” өнөөгийн эрх баригчдын Монголчуудынхаа эсрэг хийж буй гэмт хэргийг тоочсон бичгээ гардуулахаар болжээ. Тэдний бичигт өгүүлснээр:  

“2008 оны 07-р сарын 01 –нд шударга ёсны төлөө жагссан энгийн иргэдийн эсрэг буудаж 5 хүний амийг хөнөөж, 100 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч 300 гаруй хүн гэмт хэрэгтэн болон торны цаана суусан. Мөн 532 цагдаа гэмтэл авч үүнээс 397 хүн нь нуруу нугас, тархи, хөлөндөө гэмтэл авч шүүхээр хохирогч болон тогтоогдсон.

Монгол хүн монгол эх орондоо амгалан амьдрах аргагүй болж, ажлын байрыг зориудаар бий болгохгүй байснаар хөдөлмөрлөх эрч хүчтэй залуучуудад нь гадаадад дүрвэн гарч байна. Албан ёсоор 107140 хүн байнга гадаадад оршин буй бөгөөд мөн албан бусаар гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоог нэмбэл 200 000 хүрнэ. Мөн сүүлийн хэдэн жилд 36000 хүн монголын харъяатаас гарсан.

Мэдлэггүй, харанхуй, хүний мөс чанараа алдсан Монголын луйварчид өнөөдөр уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжлийн цорын ганц гарц хэмээн магтан дуулсаар байна. Гэтэл тэдний бишрэн шүтэж, даган дууриах дуртай ардчилсан хөгжилтэй орны нэгэн сэтгүүлч тэрхүү уул уурхайн салбарыг даган 19000 биеэ үнэлэгч-охид бүсгүйчүүл Монголд бий болсон байна гэх сэтгэл шимшрэм баримтыг нийтэлжээ (“Нийгмийн толь” сонин, 2011-07-28). 19000 биеэ үнэлэгч биш “сексийн боолчлолд өртөгчид” гэж яагаад үнэнийг хэлсэнгүй вэ? Хамуг Монголын ундарга болсон ариун сайхан 19000 охид маань амьдралын баталгаатай байсан бол тийнхүү боолчлогдох байсан уу? Үгүй гэдэг хэнд ч ойлгомжтой.

Аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа алдсан нөхцөлд “дайн” зарлах хэмжээнд хүрдэг байтал Монголын өнөөгийн эрх баригчид Халх голын сав нутгаас 280 мянган га газрыг харийнханд худалдчихаад, Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулчихаад байна. Энэ нь өнөөгийн эрх баригчид Монголын ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг. 

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол орны байгалийн баялаг нь халдашгүй бүрэн эрхтэй гэдгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей (1962 оны 12-р сарын 14) баталгаажуулчихсан байхад Монголын байгалийн баялаг болох 550 тэрбум долларын үнэ цэнэтэй Оюу Толгой орд газрыг, 650 тэрбумаас багагүй үнэлгээтэй Таван Толгой орд газар бусад стратегийн орд газруудыг гадныханд найр тавин өгч байна. Үндэстний халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан байгалийн баялгийг харийнхны мэдэлд өгч байна.

Монгол оронд Монгол хүний эрх ашгаас дээгүүр юу ч байж болохгүй гэдгийг Монголын тусгаар тогтнол хэлж байхад Монгол оронд Монгол хүн ядуу, Монгол хүн боолын хөдөлмөр эрхэлдэг, монгол хүн эх орондоо үнэгүйдэж хэн ч биш болж доромжлуулж, амьд явах баталгаагүй болоод байна. 2011 оны 07–р сарын байдлаар хамгийн багаар 714 хүн “золгүй” байдлаар амиа алдсан.

Авилгал ардчиллыг булшилдаг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2011–ны 08-р сарын 04-ны өдөр гаргасан зарлигтаа авлигал, хүний зөвүүдийг зөрчсөн хүмүүнлэг бус үйлдлүүд зэрэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг учраас энэ төрлийн гэмт хэрэг хийсэн, хийхэд оролцсон хүнийг АНУ-ын хилийг алхуулахгүй бөгөөд түүнийг хүн төрөлхтөнд аюултай гэмт хэрэгтэн хэмээн үзнэ хэмээн заасныг үзээд монголын ард түмэн баяртай байна. Энэ бол АНУ-ын бодлого хэмээн үзэж байна. Тиймээс АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол оронд АНУ-ыг төлөөлж ирж байгаа хэмээн ойлгож байна.Танай улсад Монголын ард түмний баялгийг хулгайлж, дээрэмдэж авсан гэмт хэрэгтнүүд чөлөөтэй зорчиж, мөнгөө хадгалуулж, тэдний үр хүүхэд амгалан амьдарч байна. АНУ үнэхээр шударга ёсны төлөө бол, АНУ үнэхээр энх тайвны төлөө бол, АНУ үнэхээр ардчиллын төлөө бол Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэрэгтнүүдийн дансыг битүүмжилж, хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөх, танай оронд зорчихийг хориглох ёстой. Хэрэв танай оронд нэвтэрсэн байвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэгт Монголын ард түмэн найдаж байна.

Эдгээр нь цөм ард түмнийхээ эсрэг чиглэсэн эрх баригчдын гэмт хэрэг” гэжээ.

 

СэтгүүлчБ.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top