“Алтан Дорнод Монгол” компанийн өрийг барагдуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимээс “Алтан Дорнод Монгол” компани 75 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсад төлөх ёстой гэсэн тогтоол гаргасан.

Харин Татварын ерөнхий газраас энэ мөнгөн дүн дээр нэмээд 150 гаруй тэрбум төгрөгийн Өрийг “Алтан Дорнод Монгол” компаниас нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл “Алтан Дорнод Монгол” компанийн Монголын Засгийн газарт төлөх өр 150 гаруй тэрбум төгрөг.

Эл төлбөрөөс гадна тус компани иргэний хэргийн журмаар 16.2 тэрбум төгрөгийн өр барагдуулах шүүхийн шийдвэртэй юм байна. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок Монгол Улсын Засгийн газрыг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар авах нэрийдлээр шударга бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Гомдлыг олон улсын арбитрын шүүх үндэслэлгүй хэмээснээр Монгол Улс заргаа авч чадсан юм.

Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа “Алтан Дорнод Монгол” компанийн өрийг барагдуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулсан ажлын хэсгийг татан буулгаж, Сангийн яамны харьяанд шинээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ШШГЕГ-т ер барагдуулах чиглэл өгчээ. Ингэхдээ “Алтан Дорнод Монгол” болон охин компанийн шүүхийн шийдвэртэй өрийн судалгааг гаргах, битүүмжилсэн хөрөнгөөр өрийг барагдуулах боломжтой эсэхийг судлахыг үүрэгджээ.

Энэ дагуу ШШГЕГ-аас “Алтан Дорнод Монгол” компанийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоох ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал, компанийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах алт угаах боловсруулах үйлдвэрлэлийн баазыг битүүмжилжээ. Хөрөнгөд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахдаа хөндлөнгийн компанийг сонгосон байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад төлөх ёстой өрөө барагдуулж эхэлсэн гэх яриа нийгэмд тархаад байгаа.

Тус компанийнхан өрөө төлж эхлээгүй байгаа бөгөөд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокын оронд томилогдсон иргэн Ч.Бямбаа Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газарт “Үйл ажиллагаагаа сэргээе. Алтаа олборлоод өрөө төлье” гэсэн саналыг албан тоотоор хүргүүлсэн байна. Улмаар татварын өрөө жил бүр тодорхой мөнгөн дүнгээр барагдуулах графикчилсан төлөвлөгөөг Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.

Графикт зааснаар жилд 15-20 тэрбум төгрөгийн өр барагдуулах гэнэ. Саналд Татварын ерөнхий газраас татгалзсан хариу өгчээ. Шалтгаанаа “Алтан Дорнод Монгол” компанийн нийт өрийг 150 орчим тэрбум төгрөг гэж тооцоолсон. Тэдний саналын дагуу өрийг нь барагдуулбал дор хаяж 10 жил шаардлагатай. Мөн тус компанийг өрөө төлөх хугацаанд татвар авах боломжгүй зохицуулалт гарч мэднэ. Ингээд дахиад 10 жил татвар төлөхгүй нөхцөл үүснэ гэсэн үг. Тиймээс саналыг хүлээж авах боломжгүй  хэмээн  тайлбарласан.

“Алтан Дорнод Монгол” компани 150 орчим тэрбум төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газартай олон улсын арбитрын шүүхээр заргалдсан дөрвөн жилийн хугацаанд “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад татвар төлөөгүй. Үүнийг үндэслэн 150 гаруй тэрбум төгрөгийн татварын өртэй гэсэн тооцоог гаргасан байна. Харин “Алтан Дорнод Монгол” компанийн зүгээс энэхүү мөнгөн дүнг үл хүлээн зөвшөөрч шүүхэд хандаад байгаа аж.

Энэ мэтээр “Алтан Дорнод Монгол” компани өрөө төлөхгүй сунжирсаар байна. Өр барагдуулалт төдийлөн ахихгүй байгаа шалтгааныг төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаатай холбон ойлгож болох талтай. Засгийн газраас холбогдох газруудад татварын өрийг барагдуулах хамтын ажиллагааг сайжруулах чиг үүргийг өгсөн нь төрийн байгууллага уялдаа холбоо муу байгааг нотлоод өгнө.

Тухайлбал, Ашигт малтмалын газар Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлдэг. Татварын ерөнхий газар Татварын багц хуулийг хэрэгжүүлдэг байх жишээтэй. Энэ хоёр байгууллага хамтарч мэдээлэл харилцан солилцох журам боловсруулахдаа жижиг сажиг асуудлаас болоод санал, зөрөлдөж гацаанд орох жишээтэй. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн хуулийн этгээд нөгөөдөө шилжүүлэхийн тулд төлбөл зохих татвар төлснийг нь баримтаар нотлох ёстой болдог.

Үүнийг нотлох ганц байгууллага нь Монголын татварын алба. Харин Ашигт малтмалын газрынхан татварын албаны нотолгоог Монголын татварын албанаас гаргахыг зөвшөөрөхгүй гээд гэдийчихнэ. Ингээд л ажил саатаж эхэлнэ. Энэ явдал төрийн байгууллагууд өөрсдийн эрх ашгаас илүү улсын эрх ашгийг бодох цаг ирснийг илтгэж байна.

“Алтан Дорнод Монгол” компани манай улсад төлөх 150 тэрбум төгрөгийн татварын өрөөс гадна шүүх иргэний хэргийн журмаар шийдвэрлэсэний дагуу 16.2 тэрбумыг барагдуулах ёстойг дээр цухас дурдсан. Өр барагдуулалтын явц ямар байгааг сонирхъё. “Алтан Дорнод Монгол” компани ажилтнуудынхаа цалинг гүйцэд олгоогүйн дээр иргэд байгууллага хоорондын маргаанаа шийдвэрлэж чадаагүй учраас шүүхээр орж ийм хэмжээний төлбөр төлөх болжээ.

ШШГЕГ-т шүүхийн шийдвэрээр “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой өр барагдуулах 24 баримт бичиг ирсэн байна. Шүүх иргэний хэргийн журмаар шийдвэрлэсэн эл гүйцэтгэлээр 16.2 тэрбум төгрөгийг барагдуулах учиртай. Үүнээс ердөө таван баримт бичигт заасан 516.3 сая төгрөгийн ерийг төлж барагдуулсан нь “Алтан Дорнод Монгол” татварын ерөө төлж эхэлсэн гэх төөрөгдөл үүсэхэд нөлөөлсөн бололтой.

Мөн “Алтан Дорнод Монгол” компанийн бусдаас авах 1.2 тэрбум төгрөгийн авлагыг төлөх өрөөс суутгасан боловч цаад байгууллага нь мөнгөө албан ёсоор шилжүүлээгүйг эх сурвалж хэлсэн. Одоо төлөх өр нь 15.6 тэрбум төгрөг аж. Гэтэл үлдсэн 19 баримт бичгээс 17-д заасан өрийг барагдуулахыг Сүхбаатар дүүргийн шүүхээс түдгэлзүүлсэн байна. Тодруулбал, 2011 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 3817 дугаартай шүүгчийн захирамж гаргаж шийдвэр биелүүлэхийг түдгэлзүүлсэн байна.

Учир нь “Алтан Дорнод Монгол” компанийн зүгээс өр барагдуулахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татсан байна. Монголын цагдаагийн байгууллагаас “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн С.В.Паушокийг мөнгө угаасан болон хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч тэрбээр мөрдөн байцаалтаас оргон зайлсан. Улмаар Монгол Улсын татварын албыг үл тоомсорлон татвараасаа зайлсхийсэн.

Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимийн тогтоолоор төлөх ёстой 75 тэрбум төгрөгийн өрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Дээрээс нь шүүхийн шийдвэрээр ажил үүргээ хуулийн дагуу явуулж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгчихөв. Энэ явдал нь “Алтан Дорнод Монгол” компанийнхан Монгол Улсыг Засгийн газрыг, шүүх эрх мэдлийн байгууллагатай нь тохуурхаж байгааг илтгэж байна. Нүднээ илт байгаа ийм тохуурхалд төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой байж хариуцлага тооцох цаг ирснийг сануулъя.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top