Д.Сугар АТГ-т баяртайгаар шалгуулж, баяртай нь аргагүй “аавындаа” очно гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11


 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд байгаа билээ. Тэрээр энэ тухайгаа өдөр тутмын сонинуудад их л бахархалтайгаар мэдээлсэн байна. Өөрийн төрөлх нутаг Өвөрхангайнхаа 80 жилийн ойд нисдэг тэрэг хөлөглөн очсоноо “Шүхэрчдийн онгоцоор очсон. Шүхэрчид ойн өдөр шүхрээр бууж үзүүлэх байсан болохоор хамт явсан юм” гэжээ. Ер нь дарга нарт буруу гэж байдаггүй л дээ. Тэд үргэлж зөв юм хийдэг. Аймгийн ойд Онцгой байдлынхан шүхрээр бууж сонирхуулахын буруу гэж юу байхав. Д.Сугар тэдэнтэй санаандгүй уулзсан, онгоцоор хамт очсон юм байна. Тэр өөрөө ингэж л ярьжээ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гадаадаас бараа бүтээгдэхүүн шахсан хэрэгт сэжиглэгдсэн нь түүний зөв бололтой. Тэрээр Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт удаа дараа хэрэггүй болсон бараа материал шахсан гэдэг. Үүнийг нь Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байна. Энэ ч бас яахав. Зүй ёсны юм. Харин түүний оролцоотойгоор хийгдсэн Хятадад Таван толгойгоос коксжих нүүрсийг тонныг нь 70 доллароор зарж буй нь анхаарал татаад байгаа юм. Мөн энэхүү арилжааны лоббигоос их хэмжээний мөнгө хятадуудаас авсан байх магадлалтайг  шалгахгүй үлдээж болохгүй байх. Тэрээр “Би хувийн онгоцтой болж амжаагүй л явна” хэмээн харуусалтайгаар мэдэгдэж байгаа нь “Удахгүй би хувийн онгоцтой болно” гэсэн хэрэг болов уу. Ер нь түүний шууд оролцоотой хийгдсэн Таван толгойн гэрээнээс мань хүн олз шүүрч буй нь тодорхой. Дэндүү шударга царайлан “Баяртайгаар шалгуулж байгаа” гэдгээ ч тэр хэллээ. Гэвч удахгүй баяртайгаар “аавындаа” очих байх аа. Өнөөх дарга нарт үйлчилдэг Өршөөлийн тухай хууль нь түүнд “Аз” атгуулахгүй, мөрдөн шалгагч нар нь шударгаар ажиллавал ийм л зам түүнийг тосч буй болов уу.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top