Дэлхийн зах зээлийн уналт Монголын уул уурхайн компаниудын хувьцааг навс унагалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш сүүлийн 2-3 жилд үзэгдээгүйгээрээ унасан явдал нь манай томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, дэлхийн томоохон  биржүүдийн индекс унасантай холбоотойгоор Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, манайд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьцааны ханш огцом унажээ. Ялангуяа, Өмнөговь аймаг дахь Ухаа худагийн уурхайд ажилладаг “Mongolian Mining Corp” буюу “Энержи Ресурс”-ийн хувьцааны ханш өчигдөр 1.3 хувиар унаж, 8.5 хонгконг долларт хүрэв.”Mongolian Mining Corp”-ын хувьцааны ханш наймдугаар сараас өмнөх нэг сарын хугацаанд тогтмол есөн ам.доллараас дээш хадгалагдсаар өнөөдрийг хүрсэн юм. “Mongolian Mining Corp”-ын хувьд хувьцааны ханшийн энэхүү уналтаас нэлээд хэмжээний хохирол амсч байгаа нь тодорхой хэмээн зарим эдийн засагчид мэдэгдэв. Монголд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудын хувьцааны ханшийн талаарх мэдээллийг хүргэе. Мягмар гарагт Овоот толгойн уурхайд ажиллаж буй  Канадын “Саус Гоби Ресурс”-ийн хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 2.15 хувиар буурч, 78.10 хонгконг долларт хүрсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь 3.45 хувиар унаж, 9.250 канад долларт хүрлээ. Мөн манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш ч нэлээд хэмжээгээр унасан. Тодруулбал, манай  улсад маш олон уурхай эзэмшиж, идэвхтэй ажилладаг "Hunnu Coal"-ын хувьцааны ханш 2.56 хувиар унаж, 1.14 австрали долларт хүрчээ. Түүнчлэн “Аspire Mining”-ын хувьцааны ханш 0.7 хувиар унаж, 0.430 австрали долларт, “Наranga Resourses”-ийнх 2.1 хувиар тус тус унасан. Ийнхүү дэлхийн эдийн засгийн огцом уналт томоохон компаниудын хувьцааны ханшид нөлөөлж, цаашилбал ашиг орлогыг нь ч унагах төлөвтэй байна. Өмнө нь бид компаниудынхаа хувьцааны ханшийг гадаад зах зээлийн түр зуурын уналтаас хамааран их хэмжээгээр буурсныг төдийлөн ойшоож байгаагүй ч энэ удаагийн үйл явдал ихээхэн анхаарал татлаа. Гэхдээ хувьцааны ханш уналт нь манайхан хөрөнгө оруулагчдад жинхэнэ утгаараа хүрч, дэлхийн зах зээл дээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг болсны илэрхийлэл юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top