Коксжих нүүрсээ тонныг нь 70-хан доллараар Хятадад өглөө гээд баярлах юм юу байна аа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Таван толгойгоос нүүрс ачсан хүнд даацын машины цуваа Хятадын хил даван цуварч эхэллээ. Дарга нар магтах үгээ олж ядан баярлаж, хөөрч байгаа бололтой. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байна. 2015 он гэхэд 17 хувиар өсч, тонн нь 350 ам.доллар болно хэмээн “Globes” сэтгүүл мэдээлжээ. Одоогоор 250 орчим доллар байгаа аж. Харин манайхан Хятадад дөнгөж 70 ам.доллараар өгч байна. Өнгөрөгч пүрэв гарагт Цанхийн зүүн хэсгээс 4000 тонн нүүрс Гашуун сухайтын боомтоор гаргасан нь нийтдээ 280 мянган доллар болжээ. Ухаан алдталаа баярлах юм биш гэдэг нь эндээс бэлхнээ харагдана. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Солонгос, Японы компаниуд оролцохоор болсон ч хасагдаж орхисон нь маргаан дэгдээгээд байгаа. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлэхдээ, “Баримт бичиг боловсруулах явцад хаа нэгтээ техник алдаанаас болоод гээгдчихсэн байсан” ухааны юм яриад сууж байх юм. Урьд нь Эрүүгийн хуулийн дарга нартай холбоотой нэг заалт түүний яриад байгаа шиг “гээгдээд” үлдсэн гашуун түүхтэй. Тэгээд дахиж хууль гаргаж байж уг заалтыг нь хэвээр оруулах хооронд нэлээд олон дарга нартай холбоотой яригдаж байсан тун сэжиг бүхий хэргүүд замхарч орхисон юм. Тэгвэл олон улсын энэ гэрээн дээр яг иймэрхүү л юм болоод байх шиг байна. Үүнийг нь сонссон зарим хүмүүс “Д.Сугар чинь ингэхэд эрүүл байна уу, өвчтэй байна уу” хэмээн бухимдаж байна. Тэдний буруу гэж юу байхав. Ийм ундууцлын хариуд Д.Сугар дарга бас л хөгийн юм хэлээд байгаа. Юув гэвэл “Солонгос, Японы компаниудыг Цанхийн баруун хэсэгт оруулж болох юм” гэнэ. Үүнийг нь бас л хүмүүс ойлгохгүй янзтай. Тэгтэл Ерөнхий сайд С.Батболд “Монголчууд маш ухаалаг шийдсэн. Олон улсад үлгэр жишээ үзүүллээ” гэв. Арай л дэгсдүүлж орхих шиг боллоо. Ингэж дүгнэх нь эртэдсэн хэрэг болов уу. Ер нь будлиан ихтэй байна, Таван толгойн ордод. Нүүрсээ хямдхан гараад 250 сая долларын урьдчилгаа авах болсон нь хүүтэй зээл маягтай юм болоод хувирч мэдэхээр байгаа юм. УИХ дээр Таван толгойн гэрээний асуудал яригдаж таарна. Яригдахдаа бүр нэлээд хэрүүлтэйгээр яригдах болж байх шиг байна. Тэгээд Таван толгойн гэрээний төслийг Засгийн газарт нь буцаагаад өгөх төлөв харагдаад явчихлаа. Харин үүнээс нь өрсөөд манай дарга нар Цанхийн зүүн хэсэг дээр ийнхүү “тоглолт” хийж буй нь тодорхой ажээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top