Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн онд БНХАУ-д болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Ван И, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн албан захидлыг гардууллаа.
Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )