УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайд намын төлөөллүүд юу хэлэв?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд бүлгийн хуралдаанаа хийлээ. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудал болон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийн талаар намууд ямар байр суурьтай байгаа тухайгаа намын төлөөллүүд олон нийтэд мэдээллээ. 

УИХ дахь намын бүлгүүд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд чухам ямар байр суурьтай байгаа тухай товчлон хүргэе.

 

 

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: 

Энэ тухайд байр суурь маш тодорхой. Энэ хуулийн төслийг өмнөх бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Танхимд байсан гишүүдийн байр сууриас хамаараад бид нэгдсэн байдлаар санал хураалт явуулаагүй. Өнөөдөр ч гэсэн бид үүн дээр санал хураалт хийгээгүй. Хэлэлцүүлэг нэгэнт УИХ дээр явчихсан. Гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Хоёрдугаарт гишүүдийн оролцоог тэгш хангах тухай асуудал бий. ТББХ-ны хуралдаанаас та бүхэн байр сууриудыг тодорхой харсан байх. Хоёрдугаарт УИХ дээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд асуулт, байр суурь, саналууд бүгд явсан. Тиймээс гишүүдийн байр суурийг нэгтгэж, үзэл бодлоо илэхийлэх явцад нь бүлгийн хайрцаглалт хийгээд хэрэггүй гэж бодож байна. 

 

 

ХҮН намын Зөвлөлийн дарга П.Ганзориг: 

УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод сахилга хариуцлага, мөн гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх асуудлыг ХҮН нам зөвлөл дэмжиж байгаа. Гэхдээ энэхүү өргөн барьсан хуульд заасан агуулга, өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг байх гэсэн агуулга нь агуулгаасаа хальсан байгаа учраас энэхүү өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй байгаа. Ард иргэдийн тавьж буй шаардлага, Ерөнхийлөгчийн тавьсан зорилгыг дэмжиж байгаа. Тэр зорилго нь ёс зүй болоод хариуцлага алдсан, дээр нь гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ эгүүлэн татах. Үүнийг дэмжинэ. Тэгэхээр энэхүү хуулийн төслөө эргүүлж татаад, энэхүү агуулгадаа нийцүүлээд, процессоо тодорхой болгоод, Үндсэн хуулийн агуулга, хүрээнээс халихгүй байдлаар оруулж ирээч ээ гэж байгаа юм. 

Тухайлбал, жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татна гэж байгаа. Нам эгүүлэн татаж байгаа бол дахин нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Эсвэл анхнаасаа нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Бид парламентынхаа дархлааг сулруулж болохгүй. 

 

 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

АН-ын бүлгийн хуралд 25 гишүүн оролцсноос 25 гишүүн энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй байгааг дэмжлээ. УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага тооцох ёстой. Одоо мөрдөгдөж байгаа хуулинд ч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах харилцаа байдаг. Одоо яригдаж байгаа хуулинд УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байгаа. Энэ бол Монгол Улсын УИХ-ын парламентийн тогтолцооноос ухарсан үйлдэл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top