Х.Тэмүүжин: Бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг ГОЛ ХЭМЖҮҮР бол парламентын засаглал

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Чуулганы хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Олон намын төлөөлөл бүхий парламентыг төв байр суурьтай, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байлгах тухай үзэл санаа 1992 оны Үндсэн хуулийг батлахтай зэрэгцэн яригдсан. Парламент дотроо намууд нь бодлогын түвшинд чөлөөтэй мэтгэлцдэг, байр сууриа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санаа, бодлогын зөрүү гарвал түүнийхээ үндэслэлийг тодорхойлоод, байр сууриа хатуу хамгаалдаг парламент байх юм бол Монгол Улсын шийдвэр гаргалт сонирхлын зөрчилгүй, зөв, харилцан хяналттай болох юм.

Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжүүр бол парламентын засаглал. Хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институц ямар нэгэн хямралгүй, төвийг сахисан, аливаа улс төржилтөөс ангид спикертэй байх юм бол Монгол Улсын төр "салхи" дагаж хямардаг биш, "салхи" сөрж зогсдог ноён нуруутай “уул” шиг л болно. Энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top