
Дараа нь Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэв.
Тэрээр “Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж ажиллуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийхэд анхаарч ажилласны үр дүнд ахиц гаргалаа.
Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга нь төв байр суурьтай, олон талын оролцоог хангаж, парламентын гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзэл бодлыг уралдуулах бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Ийм учраас өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдийнхээ дуу хоолой, оролцоог хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хичээсэн.
Сөрөг хүчний зүгээс улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг улс төрийн нам, эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг Монгол Ардын нам эрүүлээр хүлээж авч, ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргасан. Ингээд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орон, нийт ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Цаашид Улсын Их Хурал дахь олонхын бүлэг парламентын даргаа нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал олонхоороо шийдвэрлээд, дараагийн парламентын даргыг сонгох нь зөв жишиг болж үлдэнэ гэж бодож байна. Улс төрийн намын дарга хэдий ч парламентын даргын индрээс аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр Та бүхний дуу хоолойг оролцуулж, ажлын хэсгүүдэд ч Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулж, Та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй мэтгэлцэх эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Парламентын даргаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж, өндөр хариуцлага оногдуулж, хамтарч ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )