Монголын уул уурхайн шинэ үеийг эхлүүлэгч Энержи Ресурс

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

"Монголиан Майнинг Корпорэйшн" нэртэй Монгол компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийж өнгөрсөн  жил 750 сая доллар босгоод байна. Энэ бол Монголын "Энержи Ресурс" ХХК-ийн олон улс дахь нэршил юм. Монголын уул уурхайн компаниудаас анх удаа ийнхүү дэлхийн хөрөнгийн зах зээлээс томоохон хөрөнгө татаж чадсан явдал нь манай компаниуд дэлхийн уул уурхайн салбарт хөл нийлүүлэх шан татсан үйл явдал байлаа. Манай сурвалжлах  групп шинэ зууны томоохон бүтээн байгуулалтын нэг болоод байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Энержи Ресурс" ХХК-ийн "Ухаа худаг"  төслийн бүтээн байгуулалтын талаар газар дээр нь очиж дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэлээ.  Энэ удаад тус компанийн ажилчдын орон сууц болон кэмпийн дэлгэрэнгүй фото сурвалжлагыг хүргэж байна.


Уурхайн хотхон ба ажиллагсдын орон сууц

          "Энержи Ресурс" компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Ухаа Худаг" коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2962 га талбай  бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Монголоор овоглосон дээд зэргийн коксжих нүүрсний брэндийг бий болгож, дэлхийн зах зээлд өөрийн байр суурийг олохын төлөө тус компанийнхан шат дамжлага бүхэнд анхаардаг байна.  Ингэхдээ олон улсын стандартыг мөрдлөг болгодог нь ажиглагдсан.
Уурхайн ажиллагсдын нийгмийн асуудал буюу хангамжийн тал дээр багагүй анхаарал хандуулдаг. Тодруулбал, “Галерей” кэмп байгуулан 2010 оны 6-р сард ашиглалтанд оруулж, байнгын үйл ажиллагаатай болгосон байна.  Ажилчдын байр болох  өргөн саруул байшин дотор амьд ногоон зүлэг тарьж, усан оргилуур бүтээсэн байна. Нэмэх тэмдэг бүхий цогцолборын дээвэр шилэн хийцээс бүтсэн учир нарны энергийг авч дулааныг хадгалах боломжтой аж. Байгальтай хослуулсан энэ байшингийн зураг төслийг монгол залуу бүтээсэн гэнэ.
         600 гаруй хүн амьдрах 289 өрөөтэй, архитектурын орчин үеийн шийдэл бүхий энэхүү кэмп нь Монголдоо анхдагчид тооцогддог юм билээ. Уурхайн кэмпийн олон улсын стандартыг хангасан болохоор өрөө бүр дуу чимээ тусгаарлагч давхар хаалга, халаалт, хөргөлтийн системтэй болохоор хотод байгаагаас ялгаагүй тохилог. Мөн кэмп бүхэлдээ утасгүй интернет, шүршүүр, эмнэлэг, оффис, үсчин гоо сайхан, фитнесс клуб, номын сан, кофе шоп гээд хэрэгцээт бүхнийг байгуулжээ.  Кэмпээс хамгийн их таалагдсан зүйл бол 250 хүний суудалтай цайны газар. Хоол нь хотын цайны газрыг бодвол амттайн дээр порц ихтэй болохоор хүний хөл тасардагүй юм билээ.
Уг кэмпээс гадна  “Цэций” хэмээх орон сууцны хорооллыг шинээр барьж байна. Тус хорооллын эхний ээлжийн барилгууд энэ жил ашиглалтанд орно. Уурхайчдын томоохон хотхон энэ хорооллоор эхэлж байгаа бөгөөд  эхний ээлжинд 48 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар “Энержи ресурс” компанийн төсөл хариуцсан дэд захирал Ц.Баасандоржоос тодруулга авлаа.

-Шинэ хорооллын төлөвлөлтийг харахад говь нутагт үлгэр жишээ болохуйц тохилог хороолол  сүндэрлэх нь?    
-Үнэхээр таны хэлдэг зөв л дөө. Алс бөглүү гээд төв газар руу дайждаг байсан иргэд маань говь нутгаа гэсэн сэтгэлтэй болж эхэлж байна. Цэций хороолол бол орон нутагт хүмүүс ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилготой. Өмнөговь аймгийн хэмжээнд одоогоор ийм цогцолбор хороолол барьж байгуулж байгаа нь "Энержи Ресурс" ХХК юмаа.

-Сумын иргэдийн зүгээс танай компанид орон сууц барьж өгөх хүсэлтээ илэрхийлсэн үү?
-Манай компани “Голомт” банктай хамтран “Ухаа худаг” уурхайн ажиллагсад болон Цогтцэций сумын иргэдийн дунд орчин үеийн тохилог орон сууцанд  эргэн төлөгдөх төлбөрийн  нөхцөлтэйгээр  худалдаж авах боломж хэр байгаа талаар судалгаа явуулсан. Сумын иргэд  орон сууцанд амьдрахыг  хүсч явдаг юм байна. Тиймээс бид зөвхөн өөрийн ажилчдадаа орон сууц барьж өгөх биш, Цогтцэций сумын төвийг хамтад нь хөгжүүлэхээр  шийдэж, Цэций хорооллыг байгуулж байна. 

-Яваандаа “Тавантолгой”, “Ухаа худаг” уурхайг дагасан орчин үеийн цогцолбор хот байгуулахаар төлөвлөсөн гэж сонссон. Дэд бүтцийн асуудлын талаар ярихгүй юу?

-“Ухаа худаг” уурхайн Баяжуулах үйлдвэрт зориулан хойд талаасаа хориод километр усны шугам хоолой татаж байгаа. Тэрнээсээ нааш нь буюу 4.5 километр усны шугамыг мөн сумын төв рүү татна. “Цэций” хороолол эндээс тэжээгдэх юм. Нэгдсэн цахилгаан хангамжийн системд бас холбож өгнө. Дээр нь дулааны нэгдсэн цогц системийг барихаар төлөвлөсөн. Бохир усны цэвэрлэн зайлуулах систем мэдээж баригдана.

1-3 өрөөний зохион байгуулалттай энэ хотхонд нийт 5000 айлын орон сууц баригдах юм билээ. 5 давхраас эхлээд 12 давхар хүртэл орон сууцын барилга баригдах энэ хорооллын  байрнуудын нэгдүгээр давхар нь эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр гээд дандаа үйлчилгээний байгууллагууд ажиллахаар зохицуулж байгаа юм байна. Маргааш та бүхэндээ Ухаа худаг дахь "Энержи Ресурс" ХХК-ийн ил уурхайн цогц сурвалжлагыг хүргэх болно.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top