Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өнөөдөр /2026.02.26/ Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Олон улсын валютын сангийн  төлөөлөгч  Маурисио Сото, Чаба Фехер, Лина Караогланова болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 

 

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавиад ажиллаж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт цагаа олсоныг онцлон тэмдэглэв.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлээд байгааг дуулгалаа.

 

 

Мөн тэрбээр Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг тухайн жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж,  тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх зорилгоор даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансыг нээж эхэлсэн гэж байлаа.

 

 

Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсны зэрэгцээ 2026 онд Нийгмийн даатгалын сангийн төсвийг 6.6 их наяд төгрөгөөр баталсан нь төсвийн нийт зарлагын 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг эзэлж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санд  улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгч байгааг дурдлаа. Байнгын хорооны дарга Олон улсын валютын сангаас хийж буй цалин хөлс, тэтгэврийн системийн талаарх шинжилгээ, судалгаа үр дүнтэй болж, холбогдох дүгнэлт, зөвлөмжтэй удахгүй танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

 

 

Олон улсын валютын сангийн төлөөлөгч Маурисио Сото Монгол Улсын Их Хурлаас  төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулахад таатай байгаагаа  тэмдэглээд бидний хувьд ахмад настны нийгмийн хамгаалал маш сайн байх ёстой гэсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамынхантай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн сэдвийн хүрээнд холбогдох тоо, мэдээллээ цуглуулаад судалгаагаа, шинжилгээ хийж, хамгийн гол нь төсөвт үзүүлэх нөлөөлөл, үр дагаврын талаар үнэн зөв мэдээлэл, дүгнэлтийг та бүхэнд хүргүүлэх бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхэд оновчтой шийдвэр гаргахад хэрэг болно гэдэгт найдаж байна гэлээ.

 

 

Уулзалтаар талууд тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top