Өвлийн триатлоны улсын аваргууд тодорлоо

2 цагийн өмнө

“Хангарди” спорт цогцолборын нэрэмжит өвлийн триатлоны УАШТ 2-р сарын 8-ны ням гаригт Орхон аймгийн Сархиа цанын баазад боллоо. Аймаг, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчид элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд өрсөлдсөн УАШТ-ийг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ивээн тэтгэж, “Хангарди” спорт цогцолбор, Хурд триатлон клуб хамтран зохион байгуулсан юм.

2 км-ийн гүйлтээр уралдаан эхэлсэн тэмцээн 4 км-ийн уулын дугуйгаар үргэлжилж, залгаад 4 км гүйлтийн цанаар уралдан барианд орсон.

Тэмцээний эрэгтэй элитийн уралдаан сонирхолтой өрнөхөд Биатлоны шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбатын Энхсайхан 31 минут 42 секундээр аваргын болзол хангав. Биатлоны ертөнцөд цахиур хагалж яваа шилдэг мастерийн бэлтгэл сургуулилт жигд сайн байгааг ийнхүү нотлон харуулав. Алдар спорт хорооны залуу мастер, дэлхийн өсвөр үеийн аварга Ариунжаргалын Хүслэн 34 минут 20 секундээр өвлийн триатлоны УАШТ-ээс хоёрдахь мөнгөн медалиа хүртсэн юм. Тэрээр 2024 оны УАШТ-д цанын ОУХМ Б.Ачбадрахтай өрсөлдөн дэд байрт шалгарч байв.

Элит уралдааны хүрэл медалийн эзнээр Орхон аймгийн тамирчин, биатлоны ОУХМ Жаргалын Гантулга 35 минут 18 секундийн амжилт үзүүлэн шалгарлаа.

Эмэгтэй элитийн уралдаанд Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 326-р ангийн тамирчин, цанын спортын мастер Мөнхбатын Должинсүрэн 42 минут 01 секундээр түрүүлж, удаах байрт Бээжин-2022 цагаан олимпод уралдсан цанын ОУХМ, Алдар спорт хорооны тамирчин Ариунсанаагийн Энхтуул 43 минут 39 секундээр мөнгөн медаль, Зэвсэгт хүчний 310-р анги, Монголиан Эко Трэйл раннерс клубийн спортын мастер Юмжидын Туяа 47 минут 46 секундээр хүрэл медаль зүүсэн.

ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

Эрэгтэй элит

1. Э.Энхсайхан (Биатлоны шигшээ, Алдар спорт хороо) 2. А.Хүслэн (Алдар спорт хороо) 3. Ж.Гантулга (Биатлоны шигшээ, Орхон)

Эмэгтэй элит

1. М.Должинсүрэн (Алдар спорт хороо, ЗХ-ий 326-р анги) 2. А.Энхтуул (Алдар спорт хороо) 3. Ю.Туяа (ЗХ-ий 310-р анги, Монголиан Эко Трэйл раннерс клуб)

Өсвөр үе

Охид: 1. Б.Мөнхжин 2. Г.Мөнхцэцэг 3. Б.Амирлан (бүгд Орхон аймгийн Ирээдүйн хос мөртөн клуб)

Хөвгүүд: 1. Г.Төгөлдөр (Сонгинохайрхан дүүрэг) 2. Э.Дөлгөөн 3. Л.Өнөбаясгалан (хоёул Орхон аймгийн Ирээдүйн хос мөртөн клуб)

Сонирхогчид

Эмэгтэй: 1. Т.Саранцэцэг (Орхон, Хурд-Эрдэнэт клуб) 2. П.Биндэрьяа (Хобби сургууль) 3. Д.Сэлэнгэмөрөн (UBCC)

Эрэгтэй 18-34 нас: 1. М.Билэгтсайхан (Орхон аймаг, Ирээдүйн хос мөртөн клуб) 2. А.Уранбат (Хилийн цэргийн 0101-р анги)

Эрэгтэй 35-аас дээш нас: 1. Х.Хаш-Эрдэнэ (Алдар спорт хороо, ОУХМ) 2. Б.Лхагвабаатар (Хилийн цэргийн 0101-р анги) 3. Ц.Энхболд (Хилийн цэргийн 0151-р анги)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top