Цагаан сарын их ерөөлийн тухай

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан Цагаан сарын их ерөөлийн тухайд: 

Монгол газар "Чойнпрүл Молом" буюу 15 хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм.

Эдүгээ “Чойнпрүл молом" -ыг шинийн 1-3 хүртэл 16:00 цагаас, шинийн 4-15-нд 14:00 цагаас эхлэн хурдаг. Харин үдээс өмнө Цогчэн буюу өглөөний тогтмол уншлага болон сарын дүйчэн хурлаа хурна.

Анх Будда Шагжамүни 57 сүүдэртэйдээ одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн ялан дийлсэн юм.  Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбалин хийдийг байгуулж, улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурхны шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДЭГИЙН ОНЦЛОГ

Өндөр гэгээн цагаан сарын Их ерөөлийн хурлын горимд өдөр бүр төгсгөлд маани татах, цоглом буюу ном хаялцахад босох зэргийг оруулан баяжуулсан юм. Тэрээр "Норов бадам маани" зэрэг номуудыг зохиож, ая данг өөрөө зохиосон байна. Энэ нь Лхасын Их Ерөөлөөс онцгойрох Монголын гэгдэх өвөрмөц ялгаа мөн.

АРВАН ДӨРӨВНИЙ ДАВХАР ЕРӨӨЛ

Бээжингийн Шарсүмд Өндөр гэгээн 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд жанч халсан буюу таалал барьсан юм. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан Дүйчэн хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тухайлан ерөөл хурдаг журам тогтжээ. Үүнийг "Давхар ерөөл" гэж нэрлээд, гэгээнтний айлдсан "Норов бадам маани"-ийг цогчэн их унзад жавдан дээрээ гарч зогсон хүндэтгэлтэйгээр татдаг болсон байна.

Мөн энэ хурлын үеэр Өндөр гэгээний мутрын ур болох хэвээр дарсан боовоор цогчэнд идээ засаж, мөн өөрийнх нь айлдсан "Ум лай даняама" номыг уншин, лхагдоргүй цогчид өргөдөг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top