Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн зарим үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Албан даалгавраар,
Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэн, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйл ажиллагааг оновчилж, шийдвэрлэлтийн явцыг тухай бүр эргэн мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, дүрэм, журмыгшинэчлэх ажлыг зохион байгуулах,
Харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглаж байгаа мэдээллийн системийг Мэдээллийн системийн бүртгэл, дүгнэлт, зөвлөмжийн систем /system.gov.mn/-д үнэн зөв, бүрэн бүртгэх;
Хариуцаж буй мэдээллийн системд гадаадын иргэнийг таньж, баталгаажуулан төрийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж, цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан үзүүлж, ижил зориулалттай, давхардсан мэдээллийн систем, гар утасны аппликейшныг нэгтгэх;
Хариуцаж буй мэдээллийн системийн өгөгдөл солилцооны “API” сервисийн гарын авлагыг Төрийн мэдээлэл солилцооны /ХУР/ системд нээлттэй байршуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Сэтгэгдэл ( 0 )