Б.Мөнхдалай: Иргэдийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ. 

Энэ тухай нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг "ДЮЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай "Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй явдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн.

19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Нэг сарын дараа орлогын талаар нарийн тоо гарна. Үүний дараа цаашид уг хаалтыг нэмж суурилуулах эсэхээ шийдэх юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авсан бөгөөд нэг минутад 34 хүнийг оруулах хүчин чадалтай, Yutong үйлдвэрийн автобусанд зориулагдсан төхөөрөмж. Зүүн Европын хэд хэдэн улс ашигладаг. Төхөөрөмжийг авчраад системийг хөгжүүлэхэд нэлээд зардал гарсан. Зөвхөн хаалгыг 4 сая орчим төгрөгөөр авсан. Ослын үед автоматаар доош унах үйлдэлтэй. 

Автобусанд суусан иргэд, хүүхэд болон ахмад настнууд картаа уншуулах үүрэгтэй. Иргэд үүргээ биелүүлж, автобусны ашиг орлогыг нэмэх зорилгоор уг төхөөрөмжийг иргэдэд төвөг болохгүй байдлаар суурилуулсан. Мөнгөө төлөөгүй иргэд буцаад буух гэхээр өөдөөс нь хүмүүс чихэж орж ирж буулгахгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул зөвхөн мөнгөө төлж байгаа зорчигчдод үйлчлэх тухай санамжийг автобусны дотор, гадна талд наагаад байгаа юм.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бол автобусаар мөнгө төлөхгүй зорчих хүсэлтэй хүмүүс шүүмжилж байгаа юм болов уу гэж харж байгаа. Одоогийн байдлаар бэлэн мөнгө төлөхөд жолооч товч дарах байдлаар иргэдийг зорчуулж байгаа. Автобусан доторх бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж авахаар судалж байгаа. Ингэснээр тал мөнгө, 1,000 төгрөг бус 200, 300 төгрөг хийдэг явдлыг зогсоох юм" хэмээн ярилаа. Автобусанд сууж байгаа иргэн төхөөрөмж дээр картаа дарж мөнгөө төлөөгүй бол уг хаалт нээгддэггүй байна.

 

Бичлэг үзэх:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.212.118.41) 2 цагийн өмнө

zuw, busdyn tuluu amidarch bui met setgedeg orkuudyg ingej l tuluwshuulekh kheregtei , turshikh bish shuud bukh awtobusand bairshuul\n

0  |  0
Top