
Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.
Энэ тухай тэрээр "Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.
Энэ бол Үндсэн хуулийн 6.2-т заасан “газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхлэл юм.
Бид байгалийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, хүний хөгжил, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад зориулах тогтвортой санхүүгийн суурийг бүрдүүлж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.
Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.
Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно" гэлээ.


.jpg)

Сэтгэгдэл ( 0 )