ӨМНӨГОВЬ | Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг илгээхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов.

Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан Ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэв. 

Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан, газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв. 

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.


Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасныг Ерөнхий сайд дуулгаад, төсөл албан ёсоор эхэлснийг зарлав. 

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлаар өнгөрсөн онд 724 нислэгээр 22367 зорчигч үйлчлүүлжээ. Зуны улиралд 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч байна. Тиймээс барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top