БНХАУ-ын нэрт жүжигчин, продюсер Лю Сяофэн Монголд зочиллоо. Тэрбээр Хайнаны “Күньпэн” кино, телевизийн соёлын компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд бизнес айлчлалын хүрээнд ТВ8 телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хятадын кино урлагийн салбарын од, түүхэн болон тулаант сэдэвтэй бүтээлүүдээрээ алдаршсан жүжигчин, алдарт продюсер Лю СяоФэн Монголд зочлохдоо Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизтэй контент солилцоо, хамтын ажиллагааны хүрээнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд “Күньпэн” кино, телевизийн соёлын компанийн уран бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж, үзэгчдийн хүртээл болгохоос гадна, уран бүтээлээр дамжуулан хоёр орны ард түмний соёлын харилцааг өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үр ашигтай хамтран ажиллахыг зорьж байгааг талууд хамтран зөвшилцсөн ба Бизнес уулзалтын хүрээнд “Күньпэн” кино, телевизийн соёлын компаниийн удирдлагууд ТВ8 телевизийн үйл ажиллагаатай танилцжээ.
Хайнаны “Күньпэн” кино, телевизийн соёлын компани нь Радио телевиз болон хэвлэл мэдээллийн салбарын хөрөнгө оруулалт менежментийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Кино, жүжиг, урлагийн бүтээл үйлдвэрлэлд голчлон ажиллаж, Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.


