Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэснийн зөвлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид анхдугаар хуралдаанаа хийж 2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний Зөвлөмжийг баталлаа. Үүнд,
Гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулах төсөл, арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд хэрэгжүүлэх, мөн иргэд, олон нийтэд чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагын танхимыг тохижуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахыг Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт даалгалаа.

Үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой байршлуудад далан, суваг барих ажлыг төлөвлөх, зураг төсвийн зардлыг шийдвэрлэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, Дүүргийн зөвлөлийн дарга нарт үүрэг болгов.

Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Орон сууцны барилга байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, тэсвэргүй барилгыг дахин төлөвлөх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэхийг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт чиглэл болголоо. Зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын даргад даалгалаа.





Сэтгэгдэл ( 0 )