Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2025-2026 оны хичээлийн жилийн II улирлаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 8,6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаад байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Сэмжидмаагийн удирдлага дор Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд “Сүүн дархлаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, хамтран ажиллаж байна. Үүнд:
1.“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зураглал, төлөвлөлт, нэгж байгууллагуудын барьж ажиллах зөвлөмжийг хэлэлцэв. /2026.01.20/
2.Боловсролын яамны захиалгаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан боловсролын сургалтын байгууллагуудад сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх “Ерөнхий гэрээ”-ний сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулав. /2026.01.21/
3.Нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсүүдийг арга зүйн удирдлагаар хангах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтын талаарх болон сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулав. /2026.01.22/
Мөн өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга-хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчидтэй хийх уулзалт, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хийх уулзалтууд зохион байгуулагдаж байна.
“Сүү” хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 15 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 139 сургуулийн 1-12 дугаар ангийн 70.109 суралцагч, 121 цэцэрлэгийн 19.914 хүүхэд хамрагдаж байсан юм. Ийнхүү нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхэд бүр сүү уух боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )